Талбайн теннис: Новак Жокович дэлхийн чансааг тэргүүлж эхэллээ

1557

Австралийн нээлттэй тэмцээний эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд түрүүлсэн Сербийн Новак Жокович дэлхийн чансааг тэргүүлж эхэллээ. Ийнхүү Н.Жокович сүүлийн 10 улирлын 9-д (2011-06, 2018-20) нь чансаагаар манлайлав.

Н.Жокович ирэх аравдугаар сарын 5-нд хүртэл чансаагаа хадгалж чадвал Рожер Федерерийн хамгийн олон долоо хоног чансааг тэргүүлсэн (310 долоо хоног) дээд амжилтыг шинэчлэх боломжтой. Мельбурнд ялсныхаа дараа Н.Жокович хоёр том зорилго тавьсан бөгөөд хоёулаа Р.Федерерийн одоо эзэмшиж буй дээд амжилтыг эвдэх юм. Нэг нь Их Дуулгын түрүүгээр давах бол, нөгөө нь дээрх дурдсан рекорд.

Серб эр анх 2011 оны долдугаар сарын 4-нд буюу 24 насандаа дэлхийн чансааг тэргүүлж, 53 долоо хоногийн турш байраа хадгалсан. Дараа нь 2012 оны арваннэгдүгээр сард эргэн ирж (48 долоо хоног), 2013 оны аравдугаар сард буусан бол 2014-16 оны хооронд (122 долоо хоног), хамгийн сүүлд 2018 оны арваннэгдүгээр сараас хойш 2019 оны арваннэгдүгээр сар хүртэл (52 долоо хоног) тэргүүллээ хадгалсан билээ.

Өдгөө 32 настай Н.Жоковичийн урд алдарт Пет Сампрас (286 долоо хоног), Рожер Федерер (310 долоо хоног) нар бүх цаг үед тэргүүлж буй. Одоогоор Новак 276 долоо хоног дэлхийн чансааг тэргүүлж байна.