Жүдо: Саиед Моллай анхны медалиа авлаа

1021

Иран жүдоч Саиед Моллай иргэншлээ солиод анхны медалиа Унгарын Будапешт хотод болсон Их Дуулгаас хүртлээ.

ДАШТ-ий алт, хүрэл медальт Их Дуулга, гранпри зэрэглэлийн тэмцээнээс 12 дахь медалиа зүүлээ. Эрэгтэйчүүдийн 81 кг-д “D” хэсгийг тэргүүлж барилдсан С.Моллай эхний тойрогт хийлээд Туркийн Мухаммед Кокийг иппоноор, дараагийн даваанд Шведийн Робин Пакешийг мөн цэвэр ялаад хэсгийн аваргын төлөө Францын Николас Шиларыг хавирах мэхээр цэвэр буулгасан юм.

Хагас шигшээд олимп, дэлхийн медальт Канадын Антоин Валоис-Фуртетай учраа таарсан. Тэд өнгөрсөн жилийн ДАШТ-д учраа таарахад С.Моллае ялж байсан бол энэ удаад канад залуу даагаа нэхлээ.

Хүрэл медалийн төлөө Нидерландын Фрэнк Ди Витийг ердөө 13 секундэд цэвэр ялснаар Монголын нэр дээр оролцсон гурав дахь тэмцээндээ хүрэл медаль хүртэв.

Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард Монголын Ерөнхийлөгч Х.Баттулгаас иргэншлээ авсан С.Моллае Чиндаогийн Мастерс тэмцээнд эхний даваанд бүдэрч, энэ оны хоёрдугаар сард Дюсселдорфын Их Дуулгад шагналт долдугаар байр эзэлсэн билээ.

Эрчүүдийн 81 кг-д бусад медалийг Туркийн Ведат Албайрак түрүүлж, Канадын Антоин Валиос-Фурте мөнгөн медаль зүүсэн бол манай тамирчинд ялагдсан Францын Николас Шилар олимпын аварга ОХУ-ын жүдоч Хасан Халмурзаевыг ялж, хүрэл медаль хүртсэн юм.

ТАМИРЧНЫ МЭДЭЭЛЭЛ