Марадонагийн дурсгалыг хүндэтгэсэн Мессигийн өмсгөлийн түүх

11/30/2020 Нийтлэгч: 594

Өнгөрсөн амралтын өдрүүдэд хөлбөмбөгийн ертөнц тэр чигтээ Диего Марадонагийн дурсгалыг хүндэтгэсэн билээ. Аргентиний домогт хөлбөмбөгчин 11 сарын 25-нд 60 насандаа зүрхний шигдээсээр өөд болсон юм.

Түүний төрсөн Ланус, өссөн Буэнос-Айрес болон тоглож байсан Барселон, Неаполь зэрэг олон хотуудад хүндэтгэлийн арга хэмжээ зохион байгуулагдаж, хөгжөөн дэмжигчид алдарт эрхмийн дурсгалыг хүндэтгэн цуглаж, нэр цуутай олон хөлбөмбөгчид өөрсдийн эмгэнэлээ илэрхийлсэн.

Тэдний дундаас Лионель Мессигийн нутаг нэгт шүтээндээ үзүүлсэн хүндэтгэл олны анхаарлыг хамгийн их татсан юм. Месси өөрийн карьераа эхлүүлсэн Ньюэллс Олд Бойзын 10 дугаартай хуучны өмсгөлийг Осасунатай хийсэн тоглолтын үеэр Барсагийн өмсгөл дотуураа өмсөн талбайд гарсан. Улмаар 73 дахь минутанд багийнхаа дөрөв дэх гоолыг оруулсны дараа дотуураа өмссөн Ньюэллсийн өмсгөлөө ил гарган тэнгэр өөд үнсэлт илгээсэн юм.

Марадона карьерынхаа төгсгөл 1993 онд Росарио хотын энэ клубт тоглож байсан учир Месси өөрийн төрөлх багийнхаа өмсгөлтэйгөөр талбайд гарч Диегод хүндэтгэл үзүүлсэн гэж хэвлэлүүд үүнийг тайлбарласан. Гэхдээ Мессигийн үйлдэл илүү гүн, нарийн утга агуулгатай.

Хөлбөмбөгийн шүүч байсан Серхио Фернандес хэмээх эрхэм уг өмсгөлийг Ньюэллс Олд Бойзын нэгэн тоглолтын дараа Марадонагаас бэлгэнд авчээ. Улмаар цуглуулгынхаа нандин эрдэнийг Мессид бэлэглэх гэж хэд хэдэн удаа оролдоод 2018 оны ДАШТ-ий үеэр зорьсондоо хүрсэн аж.

Ньюэллс Олд Бойзыг багаасаа дэмжсэн Месси энэ бэлгийг талархан хүлээж аваад гэрийнхээ өмсгөлийн өрөөнд байрлуулсан бөгөөд хоёр жилийн дараа ийнхүү өөрөө өмсөн талбайд гарчээ. Өмсгөлийн түүх, үнэ цэн, ач холбогдол цаашаа ч илүү гүнзгийрнэ.

Марадонаг Ньюэллс Олд Бойзын дебютээ хийх үед Месси зургаан настай тус клубын өсвөрийн академид дөнгөж элсээд байв. Тэгээд Марадонагийн дебют тоглолтыг аав Хорхетэйгоо хамт “Эль-Колосо-дель-Парк” цэнгэлдэхэд үзэж байжээ.

Эквадорын Эмелек клубтэй хийсэн тус нөхөрсөг тоглолтонд Марадона гайхалтай нэгэн гоолыг оруулсан нь Мессигийн Осасунагийн эсрэг хийсэн гоолтой усны дусал мэт ижилхэн болохыг та доорх бичлэгээс харж болно.

Амьдралын зарим онцгой тохиолдлыг ердөө л “Бурханы гар”-аар зурагдсан гэдэгт итгэхээс өөр аргагүй.

Нэр алдар нь хил хязгаар болон цаг хугацааг алгасан цуурайтсан эдгээр цуут эрхмүүд хоёул Барселонагийн өмсгөлийг өмссөн мөн 2008-2010 оны хооронд Аргентиний шигшээ багт хамт ажиллаж байсан билээ.

Сүүлд нэмэгдсэн

Залуучуудын аварга шалгаруулах тэмцээн 2020 – хоёр дахь өдөр

Монгол улсад жүдо бөх үүсч хөгжсөний 50 жилийн ойн хүрээнд “Залуучуудын аварга шалгаруулах тэмцээн 2020” хоёр өдрийн фото агшин. Эмэгтэй:… Дэлгэрэнгүй …

Жүдо бөхийн Залуучуудын УАШТ 2020

Монгол улсад жүдо бөх үүсч хөгжсөний 50 жилийн ойн хүрээнд “Залуучуудын аварга шалгаруулах тэмцээн 2020” эхний өдрийн фото агшин. Эмэгтэй:… Дэлгэрэнгүй …

ДАШТ-д Монгол Улсаа төлөөлөн оролцох тамирчид тодорлоо

2022 оны дөрөвдүгээр сард БНХАУ-ын Вуши хотноо зохион байгуулагдах Таеквондогийн насанд хүрэгчдийн ДАШТ-д оролцох тамирчдыг сонгон шалгаруулах тэмцээн өнөөдөр (2021.11.13-ны… Дэлгэрэнгүй …

Э.Содномпилжээ, М. Уранцэцэг нарт Монгол улсын хөдөлмөрийн баатар цол олголоо

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зарлиг гарган Үндэсний шигшээ багийн тамирчин, “Токио-2020” зуны паралимпын наадмын Пауэрлифтингийн төрөлд дэлхийн дээд амжилтыг шинэчлэн… Дэлгэрэнгүй …

Ц.Сүхбат, Б.Мөнхжин нар түрүүлэв

Улаанбаатар хотын аварга шалгаруулах эрэгтэйчүүдийн 43, эмэгтэйчүүдийн 27 дахь удаагийн зуун буудалт даамын тэмцээн энэ сарын 6-7-ны өдрүүдэд “Монгени” цогцолбор… Дэлгэрэнгүй …