Жанлуижи Буффон

3657

Хүндэт 17 настай Жанлуижи,
Эрээнтэй бараантай амьдралын олон даваа нугачааг туулж, олон алдаа эндэл гаргасан 41 настай нэгэн эр энэ захидлыг чамд бичиж сууна.

Чамд дуулгах сайн болон муу мэдээ надад байна.
Би чамтай чиний сэтгэл зүрхний чинь тухай ярилцмаар байна.
Тийм ээ, чиний зүрх. Итгэнэ үү байна уу өөрөө мэд. Чамд тийм зүйл байгаа.

Муу мэдээнээс нь эхэлье. Чи одоо 17 настай. Жинхэнэ хөлбөмбөгч болох гээд хөл чинь газар хүрэхгүй явж байгааг би мэдэж байна. Яг мөрөөдөж байсан шигээ. Чи өөрийгөө том эр хүн болчихсон, бүхнийг ойлгоод мэдчихсэн гэж бодож байгаа. Гэхдээ юу гээч найз минь, чамд мэдэх юм түй ч байхгүй.

Хэдхэн хоногийн дараа чи Сери А-гийн анхны тоглолтоо Пармагийн өмсгөлтэй хийнэ. Айна эмээнэ гэдгийг мэдэхгүй 17-той жаал.
Уг нь чи орой нь гэртээ харьж халуун сүүгээ уугаад л орондоо орох ёстой. Гэтэл чи яана гээч? Примавера (өсвөрийн баг)-гийн найзтайгаа хамт шөнийн клуб орно.

Мэдээж чи ганцхан пиво л ууна биздээ?
Үгүй чи тэгэхгүй. Чи хэтрүүлнэ. Шугам давна. Чи киноны дүрд тоглоно. Чанга залуу.

Хэцүү дарамттай нөхцөл байдалд орохоороо чи ихэнхдээ ингэж авирладаг. Яагаад ингэдэг гэдгээ ч мэддэггүй. Нэг их удалгүй чи баарны гадна гарчихсан цагдаа нартай шөргөөцөлдөөд зогсож байна. Шөнийн нэг цагт шүү.Зүгээр л гэртээ харь жаалаа. Орондоо ор.
Тэгээд гуйж байна. Битгий л цагдаагийн машины дугуй руу шээж үзээрэй. Цагдаа нарт тэр үйлдэл чинь таалагдахгүй. Клубын удирдлагад чинь ч гэсэн. Бүтээж босгосон бүхнээ чи энэ мунхаг үйлдлээрээ нөгмөсөн нураах дөхнө.

Ийм утгагүй, ухаангүй бодлогогүй үйлдлийг чи заримдаа ямар ч шалтгаангүй хийдэг. Дотор чинь ямар нэг юм шатаж, нэг л мэдэхэд чи хийчихсэн байдаг.

Хүчирхэг, өөрийнхөөрөө, баригдмал биш гэдгээ чи багийнхандаа харуулж байна гэж бодох боловч үнэндээ тийм биш. Энэ бол ердөө л чиний өмсөж байгаа баг.

Хэдхэн хоногийн дотор чи үргэлж хүсдэг байсан гурван зүйлээ өөрийн болгоно. Гэхдээ хүссэн юм хүзүүгээр татна гэдэг үг байдгийг санаарай. Юм болгон хоёр талтай.

Дурласан зүйл чинь чиний дайсан ч болж болно.
Мөнгө, алдар нэр тэгээд чиний мөрөөдлийн ажил.
Энэ гурав гэнэтхэн л атганд чинь ороод ирнэ.
Айж сандраад байх аюултай юм энд юу байна гэж чи бодож байгаа байх?

Парадокс гэж сонсож байсан уу? Тэгвэл одоо чи мэднэ.
Тиймээ, хаалгач өөртөө итгэлтэй байх хэрэгтэй.
Арслангийн зүрхтэй байх ёстой. Айдас эргэлзээ үгүй.
Ур чадвар сайтай хаалгач уу эсвэл улаан галзуу зоригтой хаалгач уу гэж асуувал ямар ч дасгалжуулагч тэр солиотой зоригтой новшийг эргэлзээгүй сонгоно гэдэгт би итгэлтэй байна.
Гэтэл юу гээч. Хүн хэтэрхий их зоригтой болоод ирэхээрээ хэн гэдгээ мартчихдаг юм. Тэд оюун бодлоо огоордог. Сэтгэл зүрх нь сэмэрдэг. Хөлбөмбөгөөс өөр юм бодохгүй ингэж нихилист амьдарвал яваандаа сүнс чинь сарниж алга болж эхэлнэ.
Эцэст нь сэтгэл гутралд идэгдэж орноосоо ч босох тэнхэлгүй хүн дүрстэй сүг болно.
Инээ инээ. Чамд одоо инээдтэй санагдах нь аргагүй. Гэхдээ санаж аваарай. Яг ийм зүйл чамд тохиолдоно. Тэгээд хэзээ гээч. Ид залуу насан дээр чинь.

Амьдрал, карьерын дээд оргилд гарсан үед чинь. Чи Ювентусын үндсэн хаалгач. Бас Италийн шигшээ багийн номер нэг. Амьдралаас хүсэж болох бүхнээ өөрийн болгосон байхад чинь тохиолдоно.
Чамд мөнгө байна. Хүндлэл байна. Хүмүүс чамайг бүр Супермэн гэж дуудна.
Гэхдээ чи Супермэн бишээ. Чи бусадтай л адилхан мах цуснаас бүтсэн хүн. Хүн хүндээ бүр эмзэг нэгэн. Энэ ажил, мэргэжлийн спорт, хүнийг робот болгож хувиргадаг. Нэгэн хэвийн хэвшмэл амьдралдаа хүлэгдэж хүн хоригдол нь болдог.
Бэлтгэлдээ явна. Гэртээ ирнэ. Зурагт үзнэ. Унтана. Маргааш нь ахиад давтагдана. Чи ялна. Эсвэл ялагдана. Маргааш нь ахиад л бэлтгэл.
Нэг өглөө босоод бэлтгэлдээ явах гэтэл хөл чинь өөрийн мэдэлгүй чичирч эхэлнэ. Ямар ч хяналтгүй. Хамаг бие чинь сульдаж бүр машинаа ч барих тэнхэлгүй болно.
Ядаргаа эсвэл ханиад хүрснээс болсон байх гэж бодоод тоохгүй байх чинь буруу. Учир нь нөхцөл байдал илүү дордоно. Унтаад л баймаар санагдана чамд. Өөр юу ч хиймээргүй. Орноосоо ч босмооргүй. Юм ч идмээргүй.
Бэлтгэл дээр ганц хаалт хийх гэж чи хамаг эд эс, булчин шөрмөсөө хүчлэхээс өөр аргагүйд хүрнэ. Бүхэл бүтэн долоон сар. Долоон сар чи ийм байдалтай байна. Энэ хугацаанд чиний амьдралд аз жаргал, баяр баяслын үртэс ч байхгүй. Үзэхийн ч төдий.
Энэ хүргээд түр завсарлая хоёулаа.
Учир нь үүнийг уншаад толгойд чинь ямар бодол төрж байгааг би мэдэж байна.
Чи бодож байгаа. “Юу гэсэн үг вэ? Байж боломгүй юм. Би чинь өөдрөг зантай. Төрөлхийн лидер. Ювентуст тоглоод сая саяыг олж байгаа юм бол амьдрал минь ийм байх боломжгүй. Юуны чинь сэтгэл гутрал вэ?”
Тэгвэл би чамаас нэг чухал асуулт асууя. Чи яагаад амьдралаа хөлбөмбөгт зориулахаар шийдсэн юм, Жижи? Санаж байна уу?
Тома Н’Коногоос болсон л гэж битгий хэлээрэйдээ. Тэрнээс илүү гүн зүйл бий. Ахиад сайн бод. Хором мөч бүхнийг эргэн сана. Дурсамжаа онгич.

Чи 12 настай байсан.
1990 оны Дэлхийн аварга. Тийм. Италид болсон.
Сан Сирод явагдсан Аргентин – Камеруны нээлтийн тоглолт. Тийм.
Тэр тоглолтын үеэр чи хаана, юу хийж байлаа? Нүдээ ань. Төсөөл. Чи зочны өрөөндөө сууж байна, ганцаараа. Найзууд чинь хаачсан юм? Нөгөө хаа ч явсан салдаггүй найзууд чинь. Санахгүй байна аа.
Эмээ чинь гал тогоонд өдрийн хоол хийж байна. Үдийн нар шарж байсан ч гэсэн эмээ чинь бүх цонхоо хаагаад битүүлчихсэн. Яагаад юм бүү мэд. Өрөөнд хав харанхуй. Ганцхан зурагтны шар гэрэл л цацарна.
Чи юу харж байна?
Өмнө нь огт сонсож байгаагүй хачин орны нэр. КАМЕРУН.
Камерун гэж хаана байдгийг чи мэдэхгүй. Ийм газар байдгийг одоо л мэдэж байна. Мэдээж чи Аргентинийг мэднэ. Марадона. Батиста.
Гэхдээ л Камеруныханд нэг тийм ид шидийн гэмээр онцгой зүйл байв. Юу гэдгийг нь чи мэдэхгүй. Зуны халуун нар шатаж байхад хаалгач нь бүр өмд цамцтайгаа. Халууцаж байгаа ч юм алга. Урт хар өмдтэй. Ягаан захтай урт ногоон цамцтай. Хөдөлж байгаа, үсэрч байгаа, өөртөө итгэлтэй байгаагий нь. Живэр сахал нь зохисон гэж жигтэйхэн.
Нэг тийм сэтгэл зүрх соронзодсон зүйл түүнд байв. Хэлж тайлбарлахын аргагүй.
Чиний харж байсан хамгийн тасархай залуу.
Тома Н’Коно гэж нэрийг нь тайлбарлагч дурдахад чи амандаа давтан хэлнэ.
Тэгээд ид шид.
Аргентинийг булангийн цохилт хийхэд Тома үсэрч очоод бөмбөгийг агаарт 25 метр хол хатгав. Итгэмээргүй.
Яг энэ мөчид л чи үлдсэн амьдралдаа юу хийхийг хүсэж буйгаа мэдсэн.

Чи зүгээр ч нэг хаалгач болохыг хүсээгүй.
Яг л Тома шиг хаалгач болохыг хүссэн.
Эрх чөлөөтэй, эрэлхэг, эрэмгий, дайчин.
Энэ тоглолтын минут секунд бүрээр чи өөрийгөө олсон. Хэн гэдгээ мэдэрсэн. Чиний амьдрал нүдний чинь өмнө бичигдэж байв. Камерун гоол оруулж тэргүүлж эхлэхэд чи тэднийг гоол алдчих вий гэхээс байж ядан бачимдсан.
Зүрх чинь амаар чинь гарах шахна. Амьсгал чинь давчдана.
Орноосоо чи үсэрч буугаад хоёрдугаар хагасыг зурагтны урдуур холхиж өнгөрүүлнэ. “Гоол л битгий алдаасай” гэж чи залбирна. Сүсэглэнэ. Камеруны хоёр дахь тоглогч улаан авч хөөгдөхөд чи бүр орох байх газраа олж ядна.
Тоглолтыг үзэх нь байтугай сонсох ч тэнхэл чинь хүрэхгүй.
Тэгээд сүүлийн таван минутыг зурагтны ард солиотой юм шиг суугаад өнгөрүүлнэ. Дууг нь хаачихсан. Хэдэн секунд болоод л урагшаа өнгийж юу болж байгааг харчихаад буцаад сууна.
Тэгээд нэг хартал Камеруныхан нэгнээ тэврэн баярлаж байв. Тийм ээ. Чи шууд л гадагшаа гүйж хараад таарсан эхний хүүхдээсээ асууна.
“Камеруныг харсан уу? Тэдний яаж хожсоныг харсан уу?”
Чамтай адилхан Камеруны фэн болчихсон хоёр ч хүүхэд байв. “Тийм ээ. Камерун урагшаа”
Тэр өдөр чиний дотор гал бий болсон. Дүрэлзэх цаг нь болоогүй ч бөхөхөөргүй баттай ассан гал. Камерун гэж байдаг юм байна. Тома Н’Коно гэж байдаг юм байна
Тэгвэл одоо би дэлхийд Буффон гэж байдгийг харуулна. Батална.
Энэ л чиний хөлбөмбөгч болсон шалтгаан. Мөнгө, алдар нэр, автомашин биш.
Тома Н’Коно.
Түүний айдасгүй, өөрийнхөөрөө, өвөрмөц байгаа байдал. Түүний зүрхэн дэх гал. Чи галыг нь харсан. Тэгээд өөртөө бас асаахыг хүссэн. Нэг юмыг санаж яв. Мөнгө, нэр алдар гол зорилго биш.
Хэрэв чи зүрх сэтгэлээ зоргонд нь хаяж, хөлбөмбөгөөс өөр зүйлээс урам зоригийг эрж хайхгүй бол уруудна.
Эргэн тойрныхоо орчлон ертөнцийг сониуч нүдээр харж бай. Залуу байгаа дээрээ. Энэ л миний чамд өгөх зөвлөгөө. Ийм байвал чи өөрийгөө болоод гэр бүлээ зовоохгүй байж чадна. Ядаж л зүрхийг нь шархлуулахгүй.
Хаалгач хүн хатан зоригтой байх хэрэгтэй. Үнэн.
Гэхдээ энэ чинь их зантай, үл тоомсорлогч бай гэсэн үг биш, Жижи.
Сэтгэл гутралын ангалд байхад чинь хачин хэрнээ гайхалтай зүйлс чамд тохиолдож эхэлнэ. Нэг өглөө чи тогтсон замаасаа гажиж, Турины очиж байгаагүй дүүрэгтээ, орж байгаагүй ресторандаа хоол идэхээр шийднэ. Зам мурийна. Тэгж явахдаа чи урлагийн музейн дэргэдүүр өнгөрнө. Өлгөсөн зарлал нь анхаарлыг чинь татна.
“ШАГАЛ”
Түүний хэн болохыг чи мэдэхгүй. Үнэндээ урлагийн талаар мэдэх зүйл чамд огт үгүй.
Гэхдээ юу гээч Жижи…
Чамд хийх ажил, мэдэх зүйлс байгаа.
Чи өөрийгөө олох замдаа явж байна.
Чи бол Буффон.
Гэхдээ Буффон гэж хэн юм?
Чи үнэндээ хэн юм бэ?
Чи өөрийгөө мэдэх үү?

Энэ бол захидлын минь хамгийн чухал хэсэг. Тэр өдөр тэр музей рүү чи ороx ёстой. Амьдралыг чинь бүхэлд нь өөрчлөх шийдвэрээ гарга.
Хэрэв музей рүү оролгүй, хөлбөмбөгчний амьдралаа цааш үргэлжлүүлбэл, супермэн чигээрээ үлдвэл, сэтгэл зүрх чинь торонд хоригдсон чигтээ зэвэрч, хэн гэдгээ чи хором хормоор мартана.
Харин дотогш орвол хана дагуу өлгөсөн Шагалын зуу зуун зургийг үзэх болно. Цэнхэр, ногоон, улаан өнгөнүүд. Гэхдээ ихэнх нь чамд онцгой сэтгэгдэл төрүүлэхгүй. Зарим нь сонирхолтой, зарим нь уйтгартай, зарим нь ойлгомжгүй.
Тэгж алхаж яваад нэг зурагны өмнө чи зог тусан зогсоно. Тэр мөчийг чи хэзээ ч мартахгүй. Хамаг бие чинь халуу дүүгж, амьсгаа чинь дээрдэнэ. Яг л аянганд цохиулсан мэт.
Зургийн нэр. “Алхсан нь”
Эрэгтэй, эмэгтэй хоёр цэцэрлэгт хүрээлэнд зугаалж байна. Эргэн тойронд нь мод. Цаана нь байшингууд. Гэхдээ энгийн нэг салхилалт биш. Ид шидийн зугаалга. Эмэгтэй нь тэнгэр өөд яг л сахиулсан тэнгэр мэт нисэж харин эрэгтэй нь гарыг нь атган газар дээр зогсож байна. Хоёул инээмсэглэнэ.
Яг л зүүд мөрөөдөл шиг. Хир буртаггүй хүүхдийн төсөөлөл шиг.
Энэ зураг зүрхэнд чинь булагдсан нэгэн зүйлийг амь оруулна. Улирч одсон хүүхэд насны чинь мэдрэмж. Илүү дутуу зүйлгүй энгийн л аз жаргал.
Тома Н’Коно бөмбөгийг 25 метр хол хатгахад төрсөн мэдрэмж.
Эмээ чинь гал тогооноос “Хоолоо идээрэй” гэж дуудахад төрсөн мэдрэмж.
Сүүлийн шүгэл хурдан дуугараасай гэж харанхуй өрөөнд зурагтны өмнө залбирч байсан мэдрэмж.
Цаг хугацааны явцад бид энэ мэдрэмжээ мартаж, харах өнцөг маань өөрчлөгддөг.
Музей рүү маргааш өдөр нь ч гэсэн бас очоорой. Мартаж болохгүй шүү.
“Өчигдөр чи үзчихээгүй билүү?” гэж тасалбар түгээгч тохуурхаж асуусан ч хамаагүй. Бүү тоо. Дотогш ор.
Энэ зурагнаас чи аз жаргалыг олох болно. Бас амар амгаланг.
Сэтгэлийн дарамтыг чинь нимгэлэх үүнээс илүү сайн эм гэж үгүй. Үзэх тоолондоо цээж чинь хөнгөрч, зурган дээрх бүсгүйтэй адил өөдөө, тэнгэр лүү, хөөрч буйгаа чи мэдэрнэ.
Заримдаа би боддог юм. Бидэнд зориулагдсан заяа тавилан, хувь төөрөг гэж байдаг байх. Хоорондоо холбоотой мэт хэлж тайлбарлахын аргагүй олон сайхан зүйлс амьдралд тохиолддог. Үл үзэгдэх шижмээр холбогдсон. Энэ бол тэдний нэг.
Пармагийн залуу тоглогч байхдаа чи нэг бодлогогүй алхам хийнэ. Үлдсэн амьдралд чинь арилшгүй хар толбо болон үлдэх ухамсаргүй үйлдэл. Нэг том тоглолтын өмнө чи өөрийгөө зоригтой, хүчирхэг, манлайлагч гэдгээ бусдад харуулахын тулд өмсгөл дээрээ ингэж бичнэ.

“Хулчгаруудад хутганы ир”


Дунд сургуульд байхдаа чи энэ үгийг анх ширээн дээр сийлсэн байхыг харсан.
Чамд энэ үг дайн тулааны уухай шиг санагдсан.
Гэтэл үнэндээ хэт-баруунтан фашистуудын уриа болохыг нь чи мэдээгүй.
Энгэр дээрээ ингэж бичсэнээрээ чи өөртөө болоод гэр бүлдээ асар их асуудал дагуулна. Шүүмжлүүлнэ. Сүрдүүлэгдэнэ.
Гэхдээ зүгээрээ. Хүн л болсон хойно алдаж эндэлгүй яах вэ. Харин гаргасан алдаанаасаа суралцаж төлөвших хэрэгтэй.
Алдаа бол “Чи болоогүй байна” гэсэн амьдралын сургамж. Сануулга.
Чамд ийм ухамсрын шанаа хэрэгтэй. Учир нь мэргэжлийн хөлбөмбөг хүнийг амархан өөрчилдөг. Өөрийгөө өргөмжилж, бусдаас онцгой гэж бодоход хүргэдэг. Чи тийм биш. Баарны зөөгч, байрны чинь цахилгаанчин чамаас ямар ч ялгаа байхгүй. Адилхан л амьдралын төлөө явж байгаа хүмүүс.
Ийм нүдээр ертөнцийг харж эхэлсэн өдрөө чи ахин төрнө. Чи тэдэнтэй насан туршийн найзууд болно.
Хорвоо дээр хүн болгон ижил. Хэнийг ч бүү өргөмжил бас хэнийг ч бүү басамжил. Энэ хандлага чамд зүг чигээ олоход чинь тусална. Сэтгэл гутралыг чинь ч эмчилнэ. Яг одоо чамд үүнийг ойлгоход ярвигтай санагдаж байгааг мэдэж байна. Гэхдээ санаж яв. Сул талаа хүлээн зөвшөөрч, дүр эсгэж далдлахгүй байна гэдэг л жинхэнэ зориг.
Амьдралын бэлгийг чи авах эрхтэй. Жижи. Бусадтай л адил. Үүнийг бүү мартаарай.
Орчлон ертөнц гэдэг хачин шүү. Бүх юм хоорондоо хэлхэлдэж холбогдсон байдаг. Бидний мэдэхгүй жимээр. Үүнийг ойлгох нас чинь одоохондоо ирээгүй байна. Цаг нь ирэхээр өөрөө тунгаана биз.
Ганцхан юманд л би харамсаж явдаг. Энэ бүхнийг арай эрт ухаарахгүй яавдаа гэж. Магадгүй энэ л Буффоныг Буффон болгодог зүйл байх. Туулсан зам нь л хүнийг хэн бэ гэдгийг тодорхойлдог шүү дээ. Эцсийн эцэст.
Дотор чинь дүрэлзэх гал 41 насанд чинь ч унтрахгүй гэдгийг амлаж байна, Жижи. Төөнөсөөр байх болно.
Чи сэтгэл ханахгүй. Тайвшрахгүй. Дэлхийн аваргын цомыг өргөсөн ч гэсэн илүү ихийг хүснэ.
Нэг ч гоол алдалгүй бүтэн улирлыг өнгөрүүлэх мөнхийн зорилгодоо тэмүүлсээр л байх болно. Биелэхэд хэцүү. Гэхдээ л урагшлах хүч өгөхөд хангалттай. Хэний ч хүрээгүй оргил руу чи үргэлж хараагаа бэлчээсээр ирсэн. Чи хэзээд ийм л байсан. Иймээрээ л дуусна.
Удинед байдаг авга ахындаа зочилсон анхны өвлөө санаж байна уу? Эсвэл үүнийг зөвхөн уйтгар гунигаар дүүрэн 41 настай эр л эргэн дурсах ёстой гэж үү?
Чи дөрвөн настай байсан. Хэзээ ч цас харж байгаагүй. Тэгээд өглөө сэрээд хөшгөө нээтэл юу байлаа?
Цав цагаан. Үлгэрийн орон. Зүүд мөрөөдөл.
Чи орноосоо үсэрч буугаад унтлагын хувцастайгаа шууд л гадагшаа гүйж гарсан. Цас гэж юу болохыг ч чи мэдээгүй. Гэхдээ гайхсан уу? Үгүй. Бодсон уу? Үгүй. Хүрмээ өмссөн үү? Үгүй.
Шууд л цасан овоолго руу үсрээд л орчихсон.
Ямар ч айдасгүй. Ямар ч эргэлзээгүй.
“Жанлуижи!!!!!! Буцаад ир! Хүрмээ өмс!”
Эмээгийн чинь дуу хадна.
Чи нов нойтон. Дүүрэн цас.
Цалгисан инээд.
Дараа нь чи долоо хоног халуурсан.
Гэхдээ ямар хамаа байна.
Хэнд хамаатай юм. Шууд л цас руу үсэр.
Энэ бол жинхэнэ чи.
Чи бол Буффон.
Чи дэлхий ертөнцөд байдаг гэдгээ харуулна.

2019.10.14 Эх сурвалж: The Players Tribune