Бокс: Майк Тайсоны тулаан ашиг орлогоороо хоёрдугаарт жагслаа

3003

Мэргэжлийн боксын аваргууд асан 54 настай Майк Тайсон, 51 настай Рой Жонс ЖР нарын үзүүлэн тулаан энэ онд болсон бусад тулаануудтай харьцуулахад ашиг орлогоороо хоёрдугаарт жагслаа.

АНУ-ын Лос Анжелес хотод найман үеийн турш үргэлжилсэн тулаан эцэстээ ялагчгүй өндөрлөсөн. Уг үзүүлэх тулааныг онлайн болон төлбөрт сувгуудаар 49 ам.доллароор зарж байсан юм. Тэгвэл энэ үнээр 1.2 сая хүн худалдаж авсан гэж мэдээлэв.

Ийнхүү Майк Тайсоны 15 жилийн дараа рингэн дээр эргэн ирсэн үйл явдал энэ онд болсон мэргэжлийн боксын тулаан дотроо хамгийн их ашиг олсон үзүүлэлт гарсан бол холимог тулааныг оролцуулаад хоёрдугаарт бичигджээ. Тэдний урд “UFC 251” буюу Камару Усман, Хорхе Масвидал нарын тулаан бичигдсэн юм. Энэ тулааныг 1.3 сая хүн төлбөрөө төлж үзсэн байна.

Өнгөрсөн хоёрдугаар сард Тайсон Фюри, Деонтай Уалдер нарын тулааныг 800-850 мянган хүн төлбөрт сувгаар үзжээ. Харин Конор МакГрегорын тулааны спортод эргэн ирсэн “UFC 246”-г нэг сая хүн шууд үзэж сонирхсон гэнэ.

Майк Тайсон, Рой Жонс нар үзүүлэх тулааны ганц чимэг нь байгаагүй. Тэдний өмнө Youtube сувгийн од Жэйк Пол, NBA-гийн тоглогч асан Нэйт Робинсон нар нударга зөрүүлж, Өдгөө 23 настай Жэйк өөрөөсөө 13 насаар ах Нэйтийг хоёрдугаар үед “унтуулж” орхисон билээ.

Майк Тайсоны хувьд эргэн ирсэн тулаан нь ингээд зогсчихгүй бололтой. Түүнийг өдгөө 58 настай Эвандер Холифилд тулаанд дууджээ. Тэд өмнө нь хоёр удаа рингэнд таарахад хоёуланд нь Евандер ялсан. Одоогоос 23 жилийн өмнө буюу 1997 онд энэ хоёр боксчингийн тулаан дэлхийд дуулиан тарьж байв. “Төмөр” Майк өрсөлдөгчийнхөө чихийг тас хазаж, тулааныг зогсоосон билээ.