Оросын эрэгтэй чөлөөт бөхийн тамирчдын виз гарсангүй

1828

Ирэх сарын 5-9-нд АНУ-ын Айова мужид чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн Дэлхийн цом болно. Энэ тэмцээнд оролцох эрхээ авсан найман улсын бөхчүүд урилгаар оролцдог. Энэ жилийн хувьд тэмцээнийг зохион байгуулагч АНУ, ОХУ, Гүрж, Азербайжан, Япон, Куба, Казахстан, Туркийн баг оролцох байв. Гэвч туркчууд тэмцээнд оролцохоос татгалзсан учир Ираны багт урилга өгсөн. Харамсалтай, иранчууд тодорхой шалтгааны улмаас уг тэмцээнд оролцох боломжгүй болсон юм. Тиймээс Энэтхэгийн багт боломж олгосон.

Тэгвэл ОХУ-ын баг тамирчид энэ тэмцээнд оролцох эсэх нь бүрхэг боллоо. Шалтгаан нь Москва дахь АНУ-ын элчин сайдын яам Оросын бөхчүүдэд виз олгоогүй аж. Энэ талаар Оросын гадаад хэргийн яамнаас сэтгүүлчдэд мэдээлсэн бөгөөд АНУ-ыг Олон улсын тэмцээн уралдаан зохион байгуулах чадамжгүй гэж шүүмжилжээ.

Оросын гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Мария Закарова АНУ-ын элчин сайдын яам Оросын бөхчүүдийн виз олгох хүсэлтэд татгалзсан хариу өгсөн нь манай тамирчдыг гадуурхсан явдал мөн гэж онцлов. “Америкчууд шударга байж чадахгүй байна” гэж Закарова сэтгүүлчдэд ярьжээ.