Олон Улсын ИСпортын холбоо ерөнхийлөгчөө сонгов

1361

Виртуалаар явагдсан сонгуульд Влад Маринеску (АНУ) 91 хувийн санал авч ялалт байгуулан 2022 он хүртэл тус холбоог (ОУИХ) удирдах боллоо. Түүний өрсөлдөгч Арабын Нэгдсэн Эмират улсын Султан Бин-Халиф Аль-Нахайян санал хураалтын өмнө нэрээ татсан юм.

Холбооны өмнөх ерөнхийлөгч Колин Уэбстер цар тахлын үед Өмнөд Африкаас ажил үүргээ гүйцэтгэхэд хүндрэлтэй байна гэсэн шалтгаанаар өнгөрсөн таван сард албан тушаалаа өгч, дэд ерөнхийлөгч Маринеску халааг нь залгасан юм.

Влад Маринеску Америкийн ИСпортын холбоог удирдахаас гадна Олон Улсын Жүдо Бөхийн холбооны Медиа, Маркетингийн хэсгийг ахалдаг. Мөн спорт бизнесийн олон улсын арга хэмжээ зохион байгуулдаг SportAccord-н захирлаар ажиллаж байв.

2008 онд үүсгэн байгуулагдсан ОУИХ нь Испортын хамгийн анхны холбоо гэж явдаг. Тэдэнтэй Дэлхийн Испортын холбоо өрсөлддөг. (Global Esports Federation)
ОУИХ нь олимпын спортын холбоодтой албан ёсны гэрээ байгуулж хамтарч ажиллаж эхлээгүй ч үндэсний холбоодуудаар эгнээгээ хурдан тэлж байгаа.
Энэ сарын эхээр тэдэнтэй гурван өөр тивийн долоон үндэсний Испортын холбоо нэгдсэнээр гишүүнчлэлийн тоогоо 100-д хүргээд байгаа юм. Тэдний дунд Монголын Испортын холбоо багтдаг.