Талбайн теннис: Цар тахал ба Австралийн нээлттэй тэмцээн

1162

Талбайн теннисийн хамгийн нэр хүндтэй дөрвөн Их Дуулгын нэг болох Австралийн нээлттэй тэмцээн ирэх сарын 8-21-нд болно. Цар тахлын хүнд үед зохиогдож буй тус тэмцээнийг тойрсон олон маргаан одоо ч дэгдсээр байгаа юм.

Австралийн нээлттэй тэмцээнийг зохион байгуулагчид урьдчилсан шатыг Катарын Абу Дабид зохиосон. Ингээд тус тэмцээнд оролцогчид тэмцээн болохоос сарын өмнө Австралид ирээд хоёр долоо хоног зочид буудалд “хоригдоод” тэмцээнд оролцох хатуу шаардлага тавьсан юм.

Нийт 72 теннисчин хөл хорионд орсон юм. Өдийд тэд бэлтгэлээ хийж Их Дуулгынхаа тэмцээнд дасаж байх ёстой. Харамсалтай нь, дэлхийг айлгасан ковид тэдэнд ийм боломж олгоогүй юм. Эрэгтэйчүүдийн дэлхийн чансааг тэргүүлж буй Новак Жоковичоос өгсүүлээд дэлхийн шилдгүүд тэмцээнд оролцох өдрөө хүлээн зочид буудалд “хэвтэж” байна.

Гэвч Их Дуулгад оролцох ёстой бүх тамирчдаас шинжилгээ авахад 10 нь эерэг гарч зохион байгуулагчдыг асуудалд оруулав. Ковидын протоколоор тамирчид өдөрт таван цаг өрөөнөөсөө гарч, бэлтгэлийн танхимд орох зохицуулалт хийсэн. Гэвч тамирчдын дунд цар тахлын вирус тархаад байгаа нь журмаа эргэн харахад хүргэжээ. Тэд бэлтгэл хийх нь бүү хэл өрөөнөөсөө ч цухуйж болохгүй байгаа тухай гомдлох болов. Испанийн шилдэг теннисчин Роберто Баутиста Агут өөрийгөө яг л шоронд байгаа мэт сэтгэгдэл төрж байгааг жиргээгээр хуваалцжээ.

Зочид буудалд нь интернетийн сүлжээ муу байгаа нь испани эрд таалагдахгүй байгаа аж.

Мөн зочид буудлын хоолны амт муу, өрөөгөөр нь жижиг мэрэгч амьтад гүйлдээд байгаа талаар теннисчид удаа дараалан гомдол гаргажээ. Казахстаны теннисчин Юлья Путинцева түүний байрлаж буй өрөөнд хулган “дураараа дургиж” байгаа бичлэгийг твиттерт оруулсан юм.

Цөөнгүй тамирчид тэмцээнийг хойшлуулах хүсэлт тавьсан ч зохион байгуулагчдын зүгээс татгалзсан хариулт өгчээ.

2017 оны Америкийн нээлттэй тэмцээний аварга Слоан Стевенс

АНУ-ын шилдэг эмэгтэй теннисчдийн нэг Слоан Стевенсийг Австралийн нээлттэй тэмцээнд оролцохоор хөл хорионд байх үед гэр бүлийнх нь гурав дахь гишүүн нас барсан гэнэ. Өнгөрсөн долоо хоногт цар тахлын улмаас түүний эмээ болон авга эгч нь өөд болсон талаар хэвлэлд ярьсан юм. Харин өчигдөр өвөө нь бурхан болжээ.

С.Стевенсийн авга эгч Анна нь өнгөрсөн Зул сарын баярын өдрөөр, эмээ нь нэгдүгээр сарын 10-нд өөд болсон аж.