Сагсан бөмбөгийн хувьсал

1286

Сагсан бөмбөгт хамгийн өндөр оноо авах боломжтой довтолгоо гурван онооны буюу манайхаар холын зайн шидэлт 1979 оны улирлаас нэвтэрсэн байдаг.

1980-аад оны үед НБА багууд дунджаар 2.8 удаа холын зайн шидэлт гүйцэтгэдэг байсан бол өнөөдөр энэ тоо 1000% өссөнөөр нэг баг дунджаар 35 (одоогийн гүйцэтгэлээр) удаа холын зайн шидэлт хийдэг сагсан бөмбөгийг бид үзэж байна.

1980-2021 оны хүртэлх холын зайн шидэлтийн тоо ба гүйцэтгэл хувь

Тухайлбал: Жэймс Хардэн, Стэфэн Карри зэрэг бүх одод тоглогчид зөвхөн нэг тоглолтонд 10-аас олон удаа холын зайн шидэлт гүйцэтгэх нь хэвийн үзэгдэл болжээ.

Довтолгооны бүтэц ямар болсон байгааг DD Analytics-ын зураглалаас хараарай.

Эх сурвалж: https://www.ddanalytics.mn/

Яагаад гэж үү?

Учир нь сүүлийн 20 жилийн дунджаас харахад НБА нэг тоглогч гурвын шугамын гаднаас 1.05 оноо, булангийн гурвын шугамын араас 1.16 оноо авч байхад будагтай талбайгаас 0.79 оноо авч байна. Үүнийг илүү ойлгомжтой болгоод 100 тоглогч дундын довтолгооноос 79 оноо авах бол холын зайнаас 105 магадгүй 116 оноо авах боломжтой байгаа юм.

Эх сурвалж: Shottracker

Статистик, дүн шинжилгээ

21-р зууны эхээр Билли Бийн, Пол ДэПодэста гэх хоёр нөхөр Бейсболын спортод дүн шинжилгээг нэвтрүүлж байсан (Moneyball киноноос дэлгэрэнгүй үзэх боломжтой) нь өнөөдөр хөлбөмбөг, гольф, сагсан бөмбөг гэхчлэн бүхий л спортод өргөн нэвтрээд байна.

Түүнчлэн өнөөдөр дүн шинжилгээний баг эсвэл ямар нэгэн шинжээч ажилтангүй мэргэжлийн холбоо, баг ховор болсон.

Тиймээс статистик бүртгэл, дата шинжилгээний хэсэг нь мэргэжлийн спортын нэгэн жишиг болж, тухайн спортыг өөр түвшинд хүргээд байгаа.

Яагаад дүн шинжилгээ, датаны тухай яриад байна гэж үү?

Учир нь өнөөдөр өргөн дэлгэрч, спортын хорхойтон төдийгүй огт спортод сонирхолгүй нэгнийг хүртэл уруу татах болсон ФАНТАЗИ болон ТААВАРТ + БООЦООТ (bet) тоглоомын зах зээлийн суурь нь статистик бүртгэл (data) бөгөөд түүнд хийсэн дүн шинжилгээ (analyze) юм.

Тэгвэл мэргэжлийнхэн статистик мэдээллийг хэрхэн бүртгээд байна вэ?

Өнөөдөр жишээ болгож бизнесээ тэлэхээр 11 сая.ам долларын хөрөнгө оруулалт татаад буй ShotTracker компанийг сонирхоё.

Сонирхож буй шалтгаан уг бизнес загварыг Монголдоо хэрэгжүүлэх хүсэлдээ хөтлөгдөн яваа бөгөөд 2021 ондоо багтаад сагсан бөмбөг + хөлбөмбөгийн хувилбарыг нэвтрүүлэх төлөвлөгөөтэй ажиллаж байгаад оршино.

Б.Мөнхбаатар (Core Scores Agency)

Эдний онцлог нь мэдрэгч (sensor) төхөөрмжийн тусламжтайгаар өндөр нарийвчлалтай статистикаа баяжуулан дүн шинжилгээ хийж, түүнийгээ хамтрагч баг, хөгжөөн дэмжигч болон шууд дамжуулалтын сувгуудад нийлүүлдэг.

ShotTracker-ын талаар товчхон:

  • Байгуулагдсан он – 2013
  • Төв байр Кансас
  • Бизнесийн өсөлт 20 сая ам.доллар давсан
  • Дэвид Стэрн, Мэжик Жонсон нар хөрөнгө оруулж байсан

ShotTracker 3 төхөөрөмжтэй: Эдгээр нь заалны таазанд байрлуулах талбайн мэдрэгч, бөмбөгт байршуулсан мэдрэгч болон тоглогчдод байршуулах байршил дамжуулагч. Эдгээр багажуудаар талбайн зураглал гаргаж, түүн дээр ShotTracker бүртгэлийн системээр статистик хөтөлнө. Цуглуулсан датанаас 70 гаруй төрлийн үзүүлэлт тооцож, шууд хэрэглэчид рүү дамжуулдаг.

Сонирхолтой технологи. Тэд 11 сая ам.доллараар яг юу хийхээр төлөвлөсөн бэ?

Мэдээж тэд бизнесээ хурдацтай өсгөнө. Өнгөрсөн улиралд амжилттай ажилласны үр дүнд коллежийн Дивишн 1-ийн 60 гаруй баг эдний системийг ашиглаад эхэлсэн.

Сонирхолтой нь юу гээч?

Багуудтай хамтарч, бизнесээ өсгөх нь тэдний төлөвлөгөөний нэг хэсэг. Тэгвэл түүнээс өөр цоо шинэ боломж?

ShotTracker ашигласан багууд тоглолтын явц, үр дүнг шуурхай дамжуулах боломжтой болсоноор үзэгч, хөгжөөн дэмигчиддээ тоглолтыг шал өөр өнцгөөс үзэх боломж олгохыг хүсэх болжээ.

Яаж хийх вэ?

ShotTracker-ын шинэхэн хөрөнгө оруулагчдын нэг Evertz Microsystems компани нь телевизийн дэд бүтэц нийлүүлдэг гэдгийг мэдвэл энэ тийм ч хүндрэлтэй асуулт биш санагдана.

“Бид манай мэдрэгч төхөөрөмжүүдийг дагах чадвартай камер удирдах систем бүтээж чадна. Тэгэхээр бид ямар нэг зураглаач шаардахгүйгээр сагсан бөмбөгийн тоглолтыг дамжуулж чадна гэсэн үг.”

ShotTracker гүйцэтгэх захирал: Билл Мозэс

Үнэхээр энэ хэрэгжээд шууд дамжуулалтууд мэдрэгч төхөөрөмжтэй хоршоод эхэлбэл юу гэсэн үг вэ?

Ахиад л шинэ түвшинд хүрэх нь.

Ингэж чадвал зөвхөн үйл ажиллагааны зардал (зураглаач, техник ажилтан г.м) хэмнээд зогсохгүй үүний цаана өнөөх ФАНТАЗИ, ТААВАРТ тоглоомын зах зээл энэ шийдлийг зүгээр өнгөрөөхгүй нь лавтай.

Зургийг: ShotTracker-аас

Хьюстон Астрос, Тампа Бэй Рэйс, Сиэтл Сихокс, Голден Стэйт Варриорс гэхчлэн мэргэжлийн багууд сүүлийн 10 гаран жилд өөрсдийн дүн шинжилгээний бааз суурьтай болох технологийн давуу тал олж авах зорилгоор хөрөнгө зардал гаргасаар байна. Өшөө ч багуудад энэ хэрэгцээ адилхан тулгарч байгаа.

Мартаж болохгүй нь:

Цахим хэрэглээнд шилжсэн шинэ үе дата, тоон мэдээлэл ашиглаж сурсан төдийгүй тааварт/бооцоот төрлийн идэвхитэй тоглогчдын эрин үе ирчихсэн байна.

Эх сурвалж: HuddleUp, ShotTracker