Терүнофүжи Г.Ган-Эрдэнэ озэки цолоо эргүүлэн авлаа

1762

Японы мэргэжлийн сүмо бөхийн хару башё өнгөрөгч ням гарагт амжилттай зохион байгуулагдаж өндөрлөсөн билээ. Тэгвэл уг башёд озэки цолыг горилон барилдаж дээд зиндаанд гурав дахь удаагаа түрүүлсэн сэкивакэ Терүнофүжи Г.Ган-Эрдэнэ өнөөдөр албан ёсоор мэргэжлийн сүмогийн хоёр дахь том цолыг гардан авлаа. Манай бөхийн хувьд энэхүү цолыг хоёр дахь удаагаа авч буй бөгөөд одоогоос зургаан жилийн өмнө буюу 2015 онд мөн л хару башёгийн дараа уг цолонд хүрсэн ч хоёр өвдөгний хүнд бэртлийн улмаас жонидан зиндаа руу хүртэл унаад байсан билээ. Өдгөө 29 настай монгол залуу сүмогийн ертөнцийн нэгэн гайхалтай түүхийг ийнхүү бичлээ.

Терүнофүжи Г.Ган-Эрдэнэ озеки цолоо буцаан авлаа

Энэ талаар тэрбээр сэтгүүлчдэд “Маш их баярлалаа. Энэ удаад сэтгэл хөдлөлөө дарж байна. Учир нь анх энэ цолонд хүрэхэд үнэхээр их баяртай байсан бол энэ удаад сэтгэл минь амарлаа. Доод зиндаа руу унасан үедээ буцаад энд ирнэ гэж төсөөлөөгүй. Эргээд сайн барилдахыг хүсч байсан ч ийм үр дүн гарна гэж бодоогүй юм. Цаашдаа бэлтгэлээ сайн хийж илүү их хичээх болно. Мөн багшдаа баярлалаа. Би танд өртэй” хэмээн хэлжээ. Ийнхүү тэрбээр ирэх тавдугаар сарын Нацү башёгоос эхлэн шинэ цолтойгоо барилдаж эхлэх юм.

Б.Цогтбаяр