Филип Адамс: Өмнөд Каролинагийн алуурчин

1497

Нас барсан таван хүний хоёр нь насанд хүрээгүй хүүхэд байв.

Өмнөд Каролинагийн Рок Хилл бол хүн амынхаа тоогоор муждаа тавдугаарт бичигддэг хот юм. Нийт 73 мянган оршин суугчтай, амгалан тайван байдал ноёлсон газар.

Доктор Роберт Лесслигийн хөршүүд өдрийн цагаар гэнэтхэн 20 гаруй удаа буун дуу сонсож балмагдав. Цагдаа, түргэнийхэн дуут дохиогоо хангинуулсаар хэргийн газрыг бүсэлж авсны улмаас иргэд гэртээ орж чадалгүй орой болтол хүлээх шаардлагатай тулгарчээ.

Удалгүй бүх зүйл тодорхой болов. Насаараа дүүргийнхээ эмнэлэгт эмчээр ажилласан 70 настай Роберт Лессли түүний эхнэр 69 настай Барбара, ач нар нь болох 9 настай Ада, 5 настай Ноа болон хэрэг гарсан газар засварын ажил хийж байсан 38 настай Жэймс Льюс нар буудуулж амиа алдсан юм. Өөр нэг хохирогч болох Роберт Шүүк хүнд шархадсан тул сэхээнд хэвтсэн байна.

Хохирогч доктор Лессли

Хэргийг 32 настай америк хөлбөмбөгийн тамирчин асан Филип Адамс үйлдсэн нь ч тодорхой болов. Ф.Адамс хэргийн газраас зугтаж хэдхэн гудамны цаана байх аавынхаа гэрт очсон ч цагдаагийн бүслэлтэд орсон байлаа. Гэхдээ хууль сахиулагчид сэжигтнийг саатуулахаар очиход аль хэдийнэ амьсгал хураасан байв. Сэжигтэн өөрийгөө буудсан гэж хууль сахиулах албанаас зохион байгуулсан хэвлэлийн бага хуралд мэдэгджээ.

Ф.Адамс яагаад хэрэг үйлдэх болсон нь одоогоор тодорхойгүй. Хохирогч Роберт Лессли эрүүл мэндийн салбарт цөөнгүй ном бичсэн, олон жил хүний их эмчээр ажиллаж буй нэгэн. Сэжигтэн түүний өвчтөнгүүдийн нэг байжээ.

Сэжигтэн хэн байв?

Филип Адамс

Сэжигтэн Филип Адамс америк хөлбөмбөгийн тамирчин байсан юм. Тэрбээр америк хөлбөмбөгийн дээд лиг болох NFL-д таван жилийн хугацаанд зургаан өөр багт харьяалагдаж энэ хугацаанд 78 тоглолтод оролцжээ. Авьяаслаг, ирээдүйтэй тамирчин байсан ч ид тоглох насандаа хүнд бэртэл авч хүссэндээ хүрч чадаагүй олон залуусын нэг. “Сан Франциско 49”-д драфтлагдсан эхний улиралдаа шагайгаа хүнд гэмтээсэн тул удалгүй өөр баг руу солилцоонд явсан. Хожим “Оаклэнд Райдерс” багт байхдаа гурван тоглолтод оролцоод хоёр ч удаа тархины гэмтэл авч карьераа өндөрлөсөн юм.

Хэрэг гарсны дараа Филипийн аав Аланзо Адамс орон нутгийн телевизид өгсөн ярицлагадаа “Америк хөлбөмбөг хүүг маань гэмт хэрэгтэн болоход нөлөөлсөн болов уу. Зодог тайлснаасаа хойш хүн амьтантай ярилцахаа больж дуу султай болсон” гэж ярьжээ.

Ф.Адамс Рок Хилл ахлах сургуулийнхаа сагсан бөмбөг, америк хөлбөмбөгийн багт тоглодог байв. Улмаар америк хөлбөмбөгөөр тэтгэлэг авч Өмнөд Каролинагийн их сургуульд оржээ. Их сургуулийнхаа багт тун амжилттай тоглож мужийн аварга болсноор 2010 оны NFL-ийн драфтад нэрээ дэвшүүлсэн юм. Ингээд “Сан Франциско 49” багийн шинэ тоглогч болсон түүхтэй.