Г.Хэрлэн, Ж.Амарболд нар хүрэл медаль хүртлээ

1377

Туркийн Анатальягийн гранприд манай улсын найман жүдоч хүч сорьж буй. Өчигдөр болсон эхний өдрийн барилдаанд эрэгтэйчүүдийн 60 кг-д Дашдаваагийн Амартүвшин, Жагваралдоржийн Амарболд, 66 кг-д Ганболдын Хэрлэн нар дэвжээнд гарсан юм.

ДАШТ-ий мөнгөн медальт Д.Амартүвшин чансаагаар бусад бөхчүүдээ тэргүүлсэн тул “А” хэсгийг толгойлов. Харамсалтай нь, энэ хэсэгт Ж.Амарболд мөн багтсан бөгөөд манай хоёр жүдоч хэсгийн аваргын төлөө хоорондоо таарч, хоёр вазари үнэлгээгээр Ж.Амарболд ялалт байгуулав.

Д.Амартүвшинд хүрэл медаль хүртэх боломж байсан ч дагах барилдаанд АНУ-ын Адонис Диазыг дийлсэнгүй. Харин хэсгийн аварга болсон Ж.Амарболд Гүржийн Жаба Папинашвилид ялагдаад хүрлийн төлөө Тайванийн Вэй Юн Янгийг ялснаар шагналын тавцанд гарлаа.

Энэ жил 21 настай Ж.Амарболд өнгөрсөн оноос хойш олон улсын тэмцээнд хүч сорих болсон юм. Өнгөрсөн жилийн УАШТ-д 60 кг-д түрүүлсэн энэ залуу гранпри ангиллын тэмцээнээс анхны медалиа хүртлээ.

Эрэгтэйчүүдийн 66 кг-д Ганболдын Хэрлэн “А” хэсгийг тэргүүлж, хэсгийн аварга болсон ч хагас шигшээд Молдавын жүдоч Денис Виерүг барсангүй. Харин хүрлийн төлөө Казахстаны Елдос Зумакановыг ялснаар медалийн тавцанд гарлаа.

Өнөө жил 26 настай Г.Хэрлэн гранпри, их дуулгын тэмцээнээс 9 дэх хүрэл медалиа хүртлээ.