“Алтан охин” М.Анхцэцэг Азийн аваргаас гурван хүрэл зүүлээ

1838

Узбекистаны нийслэл Ташкент хотноо болж буй Азийн аварга шалгаруулах хүндийг өргөлтийн (эрэгтэйчүүдийн 49 дэх, эмэгтэйчүүдийн 39 дахь удаагийн) тэмцээнээс өнөөдөр манай Мөнхжанцангийн Анхцэцэг эмэгтэйчүүдийн 87 кг-ийн жинд өрсөлдөж, огцом болон түлхэлттэй өргөлт, нийлбэр дүнгээр хүрэл медалийн эзэн боллоо.

Анхаа огцом өргөлтөөр 111кг, түлхэлттэй өргөлтөөр 136 кг өргөн, нийлбэр дүнгээр 247 кг амжилт үзүүллээ. Энэ жинд алт, мөнгөн медалийг БНХАУ-ын туйванч Ван Жоу Юн (126+160=286 кг), Кан Юйэ (118+155=273кг) нар хүртэв.

Мөнхжанцангийн Анхцэцэг эмэгтэйчүүдийн 87 кг-ийн жинд өрсөлдөж, огцом болон түлхэлттэй өргөлт, нийлбэр дүнгээр хүрэл медаль

М.Анхцэцэг Монголын туйванчдаас:

  • 2016 онд Ази тивийн аварга,
  • 2016 онд Оюутны дэлхийн аварга,
  • 2017, 2019 онд Дэлхийн аваргын хүрэл медаль,
  • 2017 онд Ази тивийн залуучуудын аварга, Азийн тулааны болон танхимын спортын наадмын аварга,
  • “Рио-2016” олимпийн наадамд наймдугаар байр гээд олон арван “ анхны”, “ алтан” , “түүхэн” амжилтын эзэн билээ.

Эдүгээ 23 настай Анхаа маань Ц.Хосбаяр багш, багийн нөхдийн хамт “Токио-2020” олимпийн наадамд оролцох эрхийн оноогоо ийн ахиулсаар байна. Дашрамд дурьдахад Монголын туйванчид 1972, 1980, 1992, 1996, 2004, 2008, 2012, 2016 оны олимпод оролцсон.

“Токио-2020” Олимпийн эрхийг IWF буюу Олон улсын хүндийг өргөлтийн холбооноос цуврал тэмцээнээс Олимпийн эрхийн оноо цуглуулах зарчмаар олгохоор болсон. Тухайлбал:

  • 2018 оны 11 дүгээр сарын 1-нээс 2019 оны дөрөвдүгээр сарын 30,
  • 2019 оны тавдугаар сарын 1-нээс 2019 оны аравдугаар сарын 31,
  • 2019 оны 11 дүгээр сарын 1-нээс 2020 оны дөрөвдүгээр сарын 30 гэсэн гурван цикл гаргасан.

Олимпийн эрхийн төлөө өрсөлдөж буй тамирчин энэ гурван цикл тус бүрт дор хаяж нэг тэмцээнд оролцсон, нийтдээ дор хаяж 6 тэмцээнд оролцсон байх ёстой. Оноо олгох тэмцээнийг “Алтан”, “Мөнгөн”, “Хүрэл” оноо олгох тэмцээн гэж бас ангилж буй. Олимпийн эрх авахын тулд “Алтан” ангиллын тэмцээнд бас заавал оролцсон байх журамтай. Тив болон Дэлхийн АШТ-д “алтан” ангилал, IWF-ийн тэмцээнд “мөнгөн” ангилал, бусад олон улсын тэмцээнийг “хүрэл” ангилал хэмээн үзэж буй.

“Токио-2020” олимпийн хүндийг өргөлтийн тэмцээн эрэгтэй, эмэгтэй тус бүр долоон жинд, жин тус бүрт 14 тамирчин, нийтдээ 196 туйванч оролцох юм. Нэг улсад дээд тал нь эрэгтэй эмэгтэй тус бүрт дөрөв, дөрвөн, нийт найман тамирчин оролцуулах эрхтэй бөгөөд 2008 оны Олимпийн наадмаас хойш допингийн зөрчил гаргасан байдлаас мөн хамаарч хязгаарлалт хийх ажээ. Тухайлбал энэ хугацаанд тухайн улсын хүндийг өргөлтийн тамирчдаас 10-19 удаа допингийн зөрчил гаргаж байсан бол тухайн оронд дээд тал нь дөрөв, 20-оос дээш бол дээд тал нь 2 тамирчин л оролцуулахыг зөвшөөрөх юм. Ийм олон шалгуур давсны дараа оролцсон тэмцээнээс авсан онооны чансааг 2021 оны тавдугаар сарын 31-нд эцэслэн гарган жин тус бүртээ чансаагаараа эхний 8-д бичигдсэн тамирчид олимпийн эрхээ шууд авах ажээ. Мөн таван квот, тив болгонд нэгийг өгөх ба чансаанд тухайн тивээс төлөөлөл багтаагүй тохиолдолд чансааны дарааллаар огшоон олгох юм.

Одоогийн байдлаар М.Анхцэцэг 81 кг-ийн жинд чансаанд 15-д бичигдэж байгаа. Анхаагийн өмнө Колумб, БНСУ-ын тус бүр хоёр, БНХАУ, Украин, Испани, Беларусь, АНУ, Эквадор, Венесуэл, Франц, Узбекистан,Туркийн тамирчид бичигдэж байгаа. Үүнээс Колумбын туйванчид олимпод оролцох эрхээ хасуулсан. Мөн Өмнөд Солонгосын нэгийг хасч тооцож болно. Мөн Украин, Беларусь, Венесуэл, Узбекистан, Турк гээд “хязгаарлалтад” орох, бантай орнууд байгаа. Эдгээр орон аль жинд ямар тамирчнаа оролцуухаас бас шалтгаална. Анхаа бүүр 6-7 дээр бичигдэх ч магадлал бий. Бас саяны тэмцээний оноо нэмэгдэнэ. Ингэхээр тавдугаар сарын 31-нд л бүх зүйл тодорхой болох нь.

Монголын туйванчдын олимпийн цуврал үргэлжилж, “Алтан охин” Анхаа маань бас нэгэн түүхийг бүтээж, олимпийн дэвжээнд гялалзах болтугай!

Эх сурвалж: Ц.Энхтүвшин, ТАВАН ЦАГАРИГ