Кэндо аюултай спорт уу?

697

Кэндогийн урлаг – спортыг хөндлөнгөөс ажиглахад танд ойлгохгүй бас зарим хүнд айдас төрүүлмээр дүр зураг ажиглагдаж магадгүй. Учир нь чанга хашгиран 2 талаас дайрах тулаанчид хулсан сэлмээр нүд гүйцэж харахгүй хурдтай тулалдах нь танд гайхширал төрүүлнэ.

Харин та кэндогийн тухай сонирхон судалж бас сайн ажиглавал бүх цохилт тодорхой техниктэй байх бөгөөд зөвхөн 4 хэсэгт л онох зорилготой байдаг. Үүнд:

Мэн: Толгойн хамгаалалт /мэн/-н дээд хэсэгт онох цохилт
Коте: Гарын хамгаалалт /коте/-н бугалга хэсэгт онох цохилт
До: Цээжний хамгаалалт /до/-н 2 талд онох цохилт
Цүки: Хоолой /цүки/-н хамгаалалтруу хатгалт

Дээрхи цэгүүдэд зөв онохын тулд маш олон нарийн техник эзэмшиж, хэдэн сар жилээр дасгал хийх хэрэг гардаг. Мөн өөрөө онуулахгүй байх хамгаалалтын олон үндсэн техникүүд ч байдаг. Иймд цохилтыг зөв, оновчтой гүйцэтгэж ИППОН авахын тулд кэндогийн ВАЗА буюу мэхийг эзэмших шаардлагатай байдаг. Харин ВАЗА буюу мэх хийх нь тоглогчын сэтгэл зүй, хурд хүч, стратеги, өрсөлдөгчөө мэдрэх мэдрэмжээс хамаарч олон янзын хувилбартай байдаг.

Кэндод өрсөлдөгчөө мэхэнд унагаж ИППОН оноо авах нь ялалт авч ирэх чухал үйл хэрэг боловч үүнээс чухалд тооцогдох нэг зүйл бий. Энэ бол кэндогийн урлаглаг хэсэг буюу кэндогийн иппон авч байгаа арга техник, гүйцэтгэл бүгд төгс цэвэрхэн үзүүштэй сайхан харагдах ёстой. Мөн өрсөлдөгчдөө үзүүлэх хүндлэл кэндогийн хамгийн чухал үнэт зүйл. Тулаанд ялсан үедээ ямар нэг сэтгэл хөдлөл гарган илт баясаж бардамнах нь зохисгүй, ялагдаад түүндээ гутарч, уурсах мөн зохисгүй үйлдэлд тооцогдож зарим үед торгох, ялалтыг цуцлах хүртэл арга хэмжээ авдаг.

Кэндо нь тулааны урлаг дотроос хамгийн аюулгүйд тооцогддог спорт. Энэ нь 1-т кэндо урлаглаг талын элемент ихтэй, 2-т хамгаалалтын хэрэгсэл маш сайн, 3-т тулааны үндсэн техник цөөхөн байдагтай холбоотой. Кэндогийн урлаг спорт нь наснаас үл хамааран өөрийн болон бусдын сэтгэлзүйг сайн удирдах, сэтгэл хөдлөлд хэт автахгүй байх, хурдан, зөв шийдвэр гаргах дадал, зориг, тэвчээрийг хүнд хөгжүүлж өгдөг гайхалтай увидастай.

Кэндогийн тулааны урлагаар хичээллэж эхлэхэд эртдэх, оройтох гэсэн ойлголт байдаггүй. Кэндо нь насан туршын спорт гэж нэрлэгддэг бөгөөд хүйс үл хамааран 4 наснаас эхлээд 90 хол давсан хүмүүс кэндог хийсээр л байдаг.

Багийн тоглолт

Кэндогийн аливаа тэмцээн уралдаанд ганцаарчилсан төрлийн амжилтаас илүү багийн тоглолтыг илүү чухалчилж үзэж, онцгой ач холбогдол өгдөг. Иймд кэндогийн дэлхийн аварга, улсын аварга зэрэг тэмцээнд багийн төрлийн тоглолт маш өрсөлдөөнтэй бас үзүүштэй болдог. Кэндогийн багийн төрөл 5 гишүүний бүрэлдэхүүнтэй байдаг. Гишүүн тус бүр оноосон нэр, тухайн гишүүний үндсэн мөн чанарыг илэрхийлсэн үүрэгтэй байдгаараа онцлогтой.

Сонирхуулбал:
Сэнпо – Тулаанд хамгийн эхэнд гарч тулалдах тоглогч. Сэнпог тодорхойлбол тэрээр хамгийн эрч хүчтэй, зоригтой, гал халуун зүрх сэтгэлтэй, идэр залуу, хурд хүчийг өөртөө агуулна. Түүний үүрэг бол тулааны салхийг хагалж бусад багийнхандаа эрч хүч, урам зориг өгөх, сэтгэлийг зоригжуулан, итгэл найдвар төрүүлэх зөвхөн урагшаа тоглолтыг үзүүлдэг.
Жихо – Тулаанд 2т гардаг тоглогч. Жихо мөн эрч хүчтэй, хүч чадалтай, техниктэй залуу тоглогчыг төлөөлнө. Хэрэв сэнпо хожигдох тохиолдолд Жихо багийн уур амьсгалыг зоригжуулан, уран эрч хүчтэй, хариуцлагатай тоглолтоор тулааныг үргэлжлүүлэх үүрэг хүлээнэ. Сэнпо ялсан нөхцөлд мөн Сэнпогийн эрч хүчийг уламжлан ялалтыг хамгаалах эсвэл батлан тоглох ёстой.
Чукен – Тулаанд 3т гарна. Хамгийн туршлагатай, гол найдварыг атгаж байгаа заавал ялах үүрэг хүлээсэн тоглогч. Заримдаа багийн ахлагч нар Чукен болж гардаг. Хэрэв эхний 2 тоглогч ялагдвал Чукен заавал ялах үүрэг хүлээнэ.
Фукушо – Тайван, сэтгэл хөдлөлөө сайн удирддаг, тоглолтын стратеги сайтай, туршлагатай кэндочин. Фукушо хамгийн мэдрэмжтэй хариуцлагатай байх үүрэг хүлээдэг. Түүний тоглолтын амжилтаас тухайн баг ялах уу ялагдах уу гэдэг хамаардаг. Түүнд ялагдах эрх бараг байхгүй.
Тайшо – Багийн хамгийн шилдэг кэндочин. Ихэвчлэн насаар ахмад байх нь элбэг. Хамгийн төгс кэндог тэр үзүүлэх үүрэг хүлээнэ. Баг ялах, ялагдахаас үл хамааран багийнханыхаа бахархалыг төрүүлсэн хамгийн сайхан тоглолтыг үзүүлэх үүрэг хүлээдэг. Хэрэв баг ялж байвал багийн ялалтын бататгаж хамгийн сайн, уран тоглолтоор энэхүү ялалтыг батална. Хэрэв баг ялагдаж байвал багийн нэр төрийг хамгаалж бүх хүчээ дайчлан ёс зүйтэй, уран сайхан тоглолтыг үзүүлж эр зориг, итгэл найдварыг хамт олондоо өгөх үүрэг хүлээнэ.

Энэ мэт 5 гишүүн тус бүрийн тоглолтоос оноо авч нийт хожлын дүнгээр багийн ялалтыг тодорхойлдог.

Эх сурвалж: Chikara Kendo Club