“KING TUG”-ийн тулаан цуцлагдлаа

1297

Монгол Улсын гавьяат тамирчин, мэргэжлийн боксчин Нямбаярын Төгсцогт маань (13 тулаан, 12 ялалт, 9 КО) энэ сарын 29-нд АНУ-ын Калифорниа мужийн Карсон хотноо Мексикийн боксчин “El Venado” хочит Луис Альберто Лопес Варгастай (21 ялалт, 11КО, 2 ялагдал) тулалдах тов зарлагдаад байсан билээ.

Хоёр боксчин 57,2 кг-ийн жинд тулалдах байсан ч тулааны тов гарсан өдрөөс мексик боксчин жингээ өөрөөр тохирох саналыг хэд хэдэн удаа гаргаж, энэ санал нь биелэх боломжгүй болохоор тулаанаас татгалзсан байна. WBC холбооноос энэ тухай мэдээлсэн бөгөөд манай Төгсөөг ойрын 2-3 сарын дотор багтаан том тулаан хийлгэх тухайгаа тун удахгүй албан ёсоор зарлах ажээ. Тэгвэл ямар тулааныг хэнтэй хийхийг мэргэжилтнүүд мөн таамаглаад эхэлсэн байна.

WBC холбооны 57,2 кг-ийн жинд дэлхийн аварга цол, бүсийг эзэмшиж буй Гэри Расселиас манай Төгсөө “даагаа нэхэх” болзлоо хэдийнэ биелүүлсэн ч Рассель тулаан хийлгүй яг нэг жил, гурван сар боллоо. Тэрбээр өөрийн дээд жингийн бусад холбооны дэлхийн аваргуудыг тулаанд дуудсан болж, арга саам хийсээр байгаа тул WBC холбооноос түүнийг доод жингээс дэвшин орж ирсэн Мексикийн Рей Варгастай (34-0) тулалд хэмээн шахаж байгаа. Мэргэжлийн боксын ертөнцийн хамгийн сүүлийн үеийн мэдээллээс харахад Гэри Рассель жин өгсөн цолны төлөө биш ч байсан хамаагүй тулаан хийнэ гэж яригдаж байна. Ингэвэл WBC-ийн 57,2 кг-ийн жин аваргын суудал эзгүйрч, чансааны нэг, хоёрдугаарт бичигдэж буй Рей Варгас, манай Төгсөө хоёрыг “interim champion” буюу түр зуурын аваргын бүсийн төлөө ч тулалдуулах магадлал тун өндөр болж байна даа.


2021.05.06

Монгол Улсын гавьяат тамирчин, сонирхогчдын боксын олимп, дэлхийн мөнгөн медальт “King TUG” Нямбаярын Төгсцогт мэргэжлийн рингэн дэх ээлжит тулаанаа 2021 оны тавдугаар сарын 29-нд Калифорниа мужийн Карсон хотын Dignity Health Sports Park цэнгэлдэх хүрээлэнд хийхээр товлогдлоо.

Тулааныг Америкийн SHOWTIME телесуваг шууд дамжуулах ажээ. “King TUG” Н.Төгсцогт 2015 онд мэргэжлийн бокст орсноосоо хойш 13 тулаан хийснээс 12-д нь ялалт ( 9 КО) байгуулан, мэргэжлийн боксын IBO холбооны 57,2 кг-ийн дэлхийн аварга болж, WBC холбооны дэлхийн аварга цол, бүсийн төлөө АНУ-ын Гэри Рассельтай 2020 оны хоёрдугаар сард тулалдан оноогоор ялагдсан билээ. Харин өнгөрөгч 2020 оны есдүгээр сард World Boxing Council-ийн 57,2 кг-ийн жингийн дэлхийн аваргын цол, бүсний төлөө тулалдах эрхийн төлөө (title eliminator) тулаанд ялалт байгуулсан Төгсөө чансаагаараа эдүгээ жиндээ хоёрдугаарт бичигдэж байгаа юм.

Төгсөө маань энэ удаа Мексикийн “El Venado” (испаниар “Буга”) хочит Луис Альберто Лопестэй тулалдах юм. Мексик боксчин IBF ( International Boxing Federation) холбооны 57,2 кг-ийн жинд чансаагаараа наймд бичигдэж байгаа бөгөөд мэргэжлийн рингэнд 21 ялалт (11КО) байгуулж, 2 удаа ялагдсан, энэ жил 27 настай, 163 см өндөртэй, гарын алд 169 см ажээ. Энэ жингийн дэлхийн аварга Гэри Расселиас манай Төгсөө “даагаа нэхэх” болзлоо хэдийнэ биелүүлсэн ч Рассель тулаан хийлгүй яг нэг жил, гурван сар боллоо. Тэрбээр өөрийн дээд жингийн бусад холбооны дэлхийн аваргуудыг тулаанд дуудсан болж, арга саам хийсээр байгаа тул WBC холбооноос түүнийг доод жингээс дэвшин орж ирсэн Мексикийн Рей Варгастай (34-0) тулалд хэмээн шахаж байгаа. Хэрэв Гэри тулалдахгүй гэвэл чансааны нэг, хоёрдугаарт бичигдэж буй Рей Варгас, манай Төгсөө хоёрыг “interim champion” буюу түр зуурын аваргын бүсийн төлөө ч тулалдуулж болзошгүй юм. Ямар ч тохиолдолд тулаан байнга хийж байх нь хичнээн чухал болохыг Төгсөөгийн Рассельтай хийсэн тулаанаас харсан болохоор Луис Альберто Лопестой хийх тулаан цаг үеэ жинхэнэ олсон тулаан болох нь ээ.

Эх сурвалж: Ц.Энхтүвшин, Таван цагариг сонин