Р.Гантөгс Токио-2020 олимпын Бамбарын буухианд оролцоно

1622

Токиогийн олимпын наадам эхлэхэд 66 хоног үлдлээ. Хэдий цар тахлын хүнд үе тохиож байгаа ч олимпын бамбар аян замдаа гарсан байгаа.

Олимпын бамбар гуравдугаар сарын 25-нд Фүкүшима хотоос гараагаа эхэлсэн. Фүкүшимагаас эхэлсэн нь ч учиртай. 2011 онд энд болсон газар хөдлөлт, цунамигийн уршгаар олон хүн амь насаа алдсан. Энэ мужаас гараагаа эхлэж байгаа нь Фүкүшима болон Япон улс энэ гамшгийг даван гарсныг дэлхий дахинд харуулах зорилготой юм.

Бамбар Японы нийт 47 мужаар айлчлан зочлоод долоодугаар сарын 23-нд Токиод хүрч, олимпын наадам дуустал Токиод мандах болно.

Бамбарын аялах муж, хот, дүүрэг бүр бамбарын буухианд гүйх хүмүүсээ тодруулж, нутгийнхаа алдартнуудыг энэхүү хүндэт арга хэмжээнд урьж байгаа билээ.
Тэгвэл Тоттори мужийн Тоттори хотын олимпын бамбарын буухианд монгол залуу оролцохоор болжээ. “Тоттори Жёохокү” ахлах сургуулийн багш, сүмо бөхийн дасгалжуулагч Р.Гантөгсийг энэхүү нэр хүндтэй буухианд томилсноо Тоттори мужаас зарлалаа.

Тэрбээр “Тоттори Жёохокү” сургуулийн багийг Бүх Японы аварга шалгаруулах тэмцээнд жил бүр амжилттай оролцуулж, нэрийг нь улс орон даяар мандуулж байгаа. Мөн Монгол Улсын нэрийн өмнөөс сүмо бөхийн дэлхийн болон азийн аваргын тэмцээнд оролцож байсан нь ийнхүү үнэлэгджээ. Гантөгс багш бол Монголын сонирхогчдын сүмо төдийгүй мэргэжлийн сүмод ч маш их гавьяа байгуулж байгаа манай шилдэг мэргэжилтэн. Түүний олон шавь одоо мэргэжлийн сүмод хүч сорьж байгаа. Озэки Тэрүнофүжи, Ичиножёо, Миторюү, Роога нар түүний гарын шавь нар нь юм.

Р.Гантөгс энэ сарын 22-нд 19:00 цагаас Тоттори хотын Бамбарын буухианд оролцоно. Нийт 40 хүн гүйх бөгөөд Тоттори мужаас төрсөн олимп, дэлхийн медальтнууд, Токиогийн олимпод оролцох тамирчид сонгогдож, үлдсэн эрхийг нутгийн иргэдэд сугалаагаар олгожээ.

Эх сурвалж: МҮОХ