Тайсон Фьюри, Деонтей Уайлдер нарын тооцоо дуусаагүй байна

1321

Боксын спортын хорхойтнууд бүгд мэргэжлийн боксын WBC холбооны аварга Тайсон Фьюри, WBA, IBF, WBO холбооны дэлхийн аварга Энтони Жошуа нарын супер тулааныг үзэхийг хүсэж байлаа. Харин үлэмж биетнүүдийн тулаан хойшлогдох болсон шалтгаан нь Деонтей Уайлдер болоод байна.

Тайсон Фьюри наймдугаар сарын 14-нд Энтони Жошуатай супер тулаан хийх тов нэгэнт зарлагдаад байсан юм. Харин арбитрын шүүх түүнийг Деонтей Уайлдертай гурав дахь удаагаа тулалдах ёстой гэж мэдэгдэв. Энэхүү тулаан нь долдугаар сарын 24-нд Лас Вегас хотод болох магадлал өндөр байна. ESPN-ийн мэдээллэснээр талууд хоорондоо тулалдах товыг тохиролцож чадсан бололтой.

Эхний тулаанд Уайлдер, Фьюри нар тэнцэж, хариу тоглолтод Фьюри илт давамгайлж, долдугаар үед Уайлдерыг зогсоосон.

Тулаанд дийлдсэн Уайлдер гэрээний дагуу дахин тулалдах баталгаажсан эрхээ эдлэхийг хүсэж байсан. Харин Т.Фьюригийн талынхан Америк эрд хэд хэдэн санал тавьсан ч тэрээр олон удаа татгалзаж, улмаар цаг хугацаа алдсан гэж мэдэгдэж байсан юм. Хараат бус арбитрын шүүхийн бүрэлдэхүүн энэ долоо хоногийн эхээр Уайлдерын гэрээг хүчин төгөлдөр гэж үзсэн учир Энтони Жошуагийн эсрэг Фьюригийн 150 сая ам.долларын шагналын сантай супер тулаан хойшлогдох болжээ.

Боб Арум ESPN-д ​​хэлэхдээ, долдугаар сарын 24-ний өдөр талууд амаар харилцан тохиролцсон бөгөөд ямар нэг асуудлаас болж хойшлогдох тохиолдолд наймдугаар сарын 14-нд болох юм. Лас Вегас Рейдерс хөлбөмбөгийн цэнгэлдэх хүрээлэнд уг тулаан болохоор төлөвлөж байсан ч яг одоогоор албан ёсоор тулаан хаана явагдах нь эцэслэгдээгүй байна. Тулаанаас олох нийт орлогыг Фьюри, Уайлдер нар 60-40 хувьтай хувааж авахаар гэрээнд тусгагдсан.

Харин мэргэжлийн боксын гурван өөр холбооны бүсийг эзэмшигч Энтони Жошуа энэ цаг хугацааг дэмий өнгрөөхгүй бололтой. Магадгүй Жошуагийн хувьд WBO-ийн чансааны номер нэг украйны Олександр Усыктай бүсээ хамгаалах тулааныг хийж болох юм. Боксын спортын ертөнцийн эрх мэдэлтнүүдийн үзэж байгаагаар Жошуатай хамгийн сонирхолтой тулааныг өрнүүлэх хүн нь О.Усык өөр сонголт одоохондоо байхгүй байна гэжээ.