UFC VEGAS 28 ҮР ДҮН: Жайрзиньо Розенструик хүнд цохилтоор мэдэгдэл хийв

1326

Суринамын том хүү хочтой Жайрзиньо Розенструик Бразилийн том залуу Аугусто Сакайг баруун гарын хүчтэй цохилтоор унагааж өөрийн хэн болохоо харуулав.

Том залуус эхний үед төдийлөн идэвхитэй тулаан өрнүүлсэнгүй. Харин харилцан бие биенээ тандаж нэг хоёр цохилт хийж эхний үеийг өндөрлүүлэв. Хоёрдугаар үеэс Ж.Розенструик санаачлагыг гартаа авч, зүүн гарын хоёр дараалсан хүчтэй цохилт хийж торонд шахсан. Торонд шахагдсан Сакайгийн хувьд өрсөлдөгчийнхөө цохилтыг гаргах орон зай олдоогүйг Розенструик ашиглаж баруун гарын хүчтэй цохилт хийж ээлжит ялалтаа “халааслав”. Түүний энэ ялалт шилдэг гүйцэтгэлийн 50000 ам долларын үнэ хүрлээ.

Дэд оргил тулааны нэгдүгээр үеийг Польшийн Марсин Тибура, Америк хөлбөмбөгийн тамирчин асан Уолт Харрисын шуургалсан довтолгоог арай ядан тэсэж дуусгасан. Харин польш эр хоёрдугаар үед барилдах тактиктай гарч ирсэн бөгөөд өрсөлдөгчөө тонгорох мэхээр унаган, газарт хавсарч цохисоор буулгаж авсан юм. Ийнхүү М.Тибура чансаагаа ахиулж чадсан бол Уолт Харрисын хувьд чансаа буураад зогсохгүй цаашид UFC-д үлдэх эсэх нь эргэлзээтэй боллоо. Тибурагийн ялалт шилдгээр шалгарч, эзэндээ 50000 ам.доллар авчирчээ. Дашрамд дурдахад UFC сүүлийн хугацаанд амжилт муутай, нас ахисан тамирчдын гэрээг сунгалгүй, бүрэлдэхүүндээ өөрчлөлт их хийж байгаа билээ.

Энэ үдшийн шилдэг тулаан Аргентины хашир туршлагатай Сантиаго Понзинибио Америкийн шинэ найдвар Мигэл Баэза нарын хооронд болсон юм. Эхний үед Мигэл Баэза өрсөлдөгчийнхөө шилбэнд дараалан өшиглөж сандаргасан. Түүний өрсөлдөгчөө сулруулах тактик хоёрдугаар үед хэрэгжсэнгүй. Аргентин эр хоёрдугаар үеэс довтолгоогоо үргэлжлүүлэн санаачлагыг гартаа авч тулалдсаар оноогоор тэргүүлж эхэлсэн. Сүүлийн үед ч түүний урд гарын мөргүүлсэн цохилт, холбосон хойд гарын цохилтын эсрэг залуу тулаанч юу ч хийж чадсангүй. Ийнхүү гал гарсан гурван үеийн тулаан дуусахад С.Понзинибио шүүгчдийн саналаар ялсан юм.

Өмнө нь хагас хүнд жинд хүч үзэж байсан Гүржийн Роман Долидзе дунд жингийн тулаанд Лауреано Старополиг шүүгчдийн саналаар дийлсэн. Харин Бразилын тамирчин Грегори Родригес Сербын зодоонч Дуско Тодоровичийг гурван үеийн турш давамгайлсны эцэст октагоноос буусан юм.

Эмэгтэйчүүдийн ялаан жингийн чансаа ахиулах тулаанд Америкийн Монтана Дэ Ла Роза өрсөлдөгч Бразилын Ариана Липскиг хоёрдугаар үед техникийн нокаутаар буулган авав. Монтана Дэ Ла Роза өрсөлдөгчөө хэвтээ байдалд шилжүүлж улмаар газартай хавсарч цохих, тохойдох зэргээр маш хүнд хохирол учруулсан бөгөөд Ариана Липскигийн хоёр хөмсөг задарч цус их алдсан тул шүүгч тулааныг зогсоохоос өөр арга байсангүй.

Урьдчилсан хөтөлбөрийн тулаанд Шведийн Илир Латифи Канадын хүнд жингийн тамирчин Таннер Босерыг оноогоор илүүрхэж, Муслим Салихов шүүгчдийн саналаар Франсиско Триналдог, богино хугацаанд тулалдах урилга хүлээн авсан Камуэла Кирк Макван “Ноён Финланд“ Амирханыг ялж олны таамгийг эвдсэн юм.

Тэмцээн: UFC Vegas 28
Хэзээ: 2021 оны 6-р сарын 5
Хаана: UFC Apex, АНУ-ын Невада муж улсын Лас Вегас хот

Үндсэн хөтөлбөр (Dazn / ufc.tv)

  • Жайрзиньо Розенструик – Аугусто Сакайг хүнд цохилтоор
  • Марсин Тибура Уолт Харрисийг эхний үед техникийн нокаутаар
  • Роман Долидзе Лауреано Старополииг оноогоор
  • Сантьяго Понзиниббио Мигель Баезаг шүүгчдийн саналаар
  • Грегори Родригес Душко Тодоровичийг оноогоор
  • Монтана Дэ Ла Роза техникийн нокаутаар Ариана Липскиг

Урьдчилсан хөтөлбөр (ufc.tv)

  • Илир Латифи Таннер Босерыг шүүгчдийн саналаар
  • Муслим Салихов Франциско Триналдог оноогоор
  • Камуэла Кирк Макван Амирханиг шүүгчдийн саналаар
  • Алан Патрик ,Мейсон Жонс нарын тулаан үр дүнгүй (хориотой цохилт буюу нүдрүү хуруу орсон)
  • Манон Фиорот Марина Морозыг 2-р үед хүнд цохилтоор
  • Шон Вудсон Юсеф Залалыг шүүгчдийн саналаар
  • Клаудио Пуэллес Жордан Левиттийг шүүгчдийн саналаар тус тус ялжээ.

Эх сурвалж: www.gnp1.de www.ufc.com