Ц.Цогтбаатар найдлага алдсаар

1695

Жүдо бөхийн ДАШТ үргэлжилсээр.

Тэмцээний гурав дахь өдөр эрэгтэйчүүдийн -73 кг-ын жинд манай улсаас ОУХМ Ц.Цогтбаатар зодоглолоо. Түүнийг өнгөрсөн гуравдугаар сард Тбилиси болон Ташкентын Их дуулгад дараалан түрүүлсэн тул монгол түмэн их найдвар тавьж байлаа. Үүнийг батлах мэт ОУЖХ-ноос медаль авах тамирчдын нэг хэмээн онцолж байсан юм. 

Тэрбээр эхний тойрогтоо гоц мөргөж, дараа нь ОХУ-ын Денис Иарцевыг цэвэр ялсан ч шигшээ наймд үлдэхийн төлөөх барилдаандаа эзэн орны бөх, олимпын мөнгө, дэлхийн гурван хүрэлтэй Миклош Унгварид нэмэлт цагт иппоноор ялагдлаа. Ирэх аравдугаар сард 41 нас хүрэх унгар эр энэ тэмцээнд барилдаж буй хамгийн ахмад жүдочдын нэг. Нутагтаа болж буй ДАШТ-ий дараа их спортоо орхихоор төлөвлөсөн М.Унгвариг манай тамирчин ялах боломж байсан ч ашиглаж чадсангүй.

Токиогийн олимп хойшлогдож, ДАШТ-тэй давхцсан тул энэ жингийн зарим шилдгүүд ирээгүй. Токиог шууд зорих Шохэй Оно, Ан Чанрим, Рустам Оружов, Фабио Басиле нарын эзгүйд Цогтоо медальд хүрэх том боломжоо салхинд хийсгэлээ.

Ц.Цогтбаатарыг жил бүр том тэмцээнд амжилт гаргана хэмээдэг ч тэрбээр монгол түмнийхээ итгэлийг алдсаар л байна. Тэрбээр олимп, дэлхийн аваргад:

  • 2015 оны Нур-Султаны дэлхийн аваргын гуравдугаар тойрогт Өмнөд Солонгосын Ким Вон Жинд 
  • 2016 оны Рио-де-Жанейрогын олимпод гуравдугаар тойрогт Өмнөд Солонгосын Ким Вон Жинд 
  • 2017 оны Будапештын дэлхийн аваргыг өнжсөн
  • 2018 оны Бакугийн дэлхийн аваргын хүрэл медалийн төлөө Азербайжаны Хидаят Хейдаровт
  • 2019 оны Токиогийн дэлхийн аваргын эхний тойрогт Тажикистаны Бехрузи Хожазодад
  • 2021 оны Будапештын дэлхийн аваргын гуравдугаар тойрогт Унгарын Миклош Унгварид тус тус ялагдаад байна.

Өдгөө 25 настай Ц.Цогтбаатарыг сэтгэлзүй муу гэж таамагладаг. Үүнийг батлах мэт том тэмцээнд өөрийн барилдааныг гаргаж чаддаггүй гэж хэлэхэд буруудахгүй. Ямартай ч ирэх сард Токиогийн олимпод оролцох магадлал өндөр байгаа тэрбээр энэ цувралаа зогсоож алтан соёмбот төрийн далбаагаа “Ниппон Будокан” ордны оройд залж чадах болов уу?