Торгон жолоо өргүүлэх багуудын тухай цуврал нийтлэл №1

1621

Хүсэн хүлээсэн Европын хөлбөмбөгийн аварга шалгаруулах XVI дахь удаагийн тэмцээн маань цар тахлын улмаас товлосон хугацаанаасаа хойшилж, нэг жил хүлээлгэсний эцэст эхлэхэд бэлэн болжээ. Нэгэн жарны түүхэндээ анх удаагаа Европ тив даяар 11 улсын томоохон хотуудыг дамнан бүтэн сар үргэлжлэх энэхүү тулаанд 24 шигшээ баг зургаан хэсэгт хуваагдан өрсөлдөнө.

Хэд хэдэн цагийн бүс, цаг уурын ялгаа, талбайн давуу тал зэргийг харгалзан үзвээс Хенри Делаунэй (Европын хөлбөмбөгийн холбооны анхны ЕНБД)-гийн цомыг хамгийн шилдэг бүрэлдэхүүнтэй баг өргөнө гэхэд учир дутагдалтай.

Францын шигшээ баг

Дэлхийн аварга Франц мэргэжилтнүүдийн тооцоогоор хамгийн өндөр магадлалтай (5.5 одд) багаар үнэлэгдэж буй бол араас нь шижигнэсэн залуустай Англи (6.0), шигшээ багуудын чансааг тэргүүлэгч Бельги (6.50) удаалж байна. Том дэвжээндээ эргэн ирж буй Итали (9.0), аваргаа хамгаалах Португалаас гадна (9.0) гадна Дани (26.0), Турк (51.0) багийг тооцооноос хасамгүй.

Гэхдээ цом горилогчдын тухай ярихын өмнө тэмцээний түүхийн хуудсыг сөхөн үзье. Юуны өмнө талбайн давуу буюу зохион байгуулагчид өндөр амжилт үзүүлдэг хандлага сонирхол татна. Хэдийгээр 1984 оноос хойш талбайн эзэд түрүүлээгүй боловч есөн тэмцээний долоод нь хагас шигшээд шалгарсан нь хагас шигшээ, шигшээ тоглолтууд болох “Уэмбли” цэнгэлдэхтэй Английн магадлалыг өсгөнө.

Нөгөө талаас ЕАШТ гэнэтийн таамаг эвдсэн тохиолдлоор баялаг. Хуучнаар Югославын оронд орсон Дани 1992 онд түрүүлж байсан бол Грекийн шигшээ 2004 онд үлгэр (81 одд) бүтээснийг мартамгүй. Нийт 15 тэмцээнд 10 өөр ялагч тодорч байсан нь өрсөлдөөний чанарыг илтгэх мэт. Хагас шигшээ шатанд нь ч долоон өөр баг шалгарч байсныг дурдъя.     

Евро 2020-ыг зохион байгуулах хотууд

Энэ удаагийн тэмцээний өөр нэг онцлог нь тоглолт болох цэнгэлдэх, хуваарь нь зарим багт давуу тал олгож, тэгш бус өрсөлдөөн үүсгэж байна. Жишээ татахад, Италийн орсон А хэсгийн тоглолтууд Ром хотод болох нь мэдээжийн хэрэг тус шигшээд давуу тал үүсгэж, Азербайжаны Бакуд тоглоод таван цагийн нислэгээр ирэх Швейцарь, Уэльсийн шигшээд ашиггүй тусах нь ээ. Үүнтэй ижил нөхцөл нь Дани, Герман, Нидерланд, Испани болон Английн шигшээгийн боломжийг эрс нэмэгдүүлж байна.

Түүнчлэн цар тахлын үеийн нөхцөл байдалд үргэлжилсээр байгаа энэ үед түрүүлэх өрсөлдөөнд дурдагдах багуудыг нэрлэхэд чанар чансаа, формоос гадна хуваарь, ядралт зэрэг олон хүчин зүйлийг харгалзан үзэх шаардлагатай билээ. Швед, Испанийн шигшээд олон тооны тоглогч ковид өвчний улмаас тусгаарлалтад орсон мэдээ нь үүний тод илрэл биз ээ.

Хэдийгээр шигшээ баг бүрийн давуу талыг нь дурдаж, дэмжих үндэслэл гаргаж болох ч дараах багуудыг онцолж, таавар дэвшүүлээд үзье.

Францын шигшээ хэдийгээр “үхлийн” гэгдэх Ф хэсэгт Герман, Португаль, Унгартай орсон боловч Дэлхийн аварга болсны дараа Европын аваргад түрүүлж байсан Зидан ахлагчтай алтан үеийнхээ түүхийг давтах бүрэн боломжтой. Дасгалжуулагч Дидье Дешам энэ улирал шилдэг тоглолт үзүүлж буй Карим Бенземаг 2015 оны дуулиант хэрэг явдлын дараа дуудсан нь байрлал бүртээ шилдгүүдийг агуулсан тус шигшээгийн боломжийг үлэмж нэмэгдүүллээ. Эхний тоглолтоо талбайн эзэд Германтай хийх нь анхнаасаа хянамгай шийдэмгий байхад түлхэц болох бол нягт хамгаалалтад суурилсан сөрөг довтолгоо бүхий арга барил нь чухамдаа хасагдах шатны хөлбөмбөгт төгс зохицсон мэт.

Хэсгээ толгойлж шалгарлаа гэхэд шөвгийн 16-д Англитай нутагт нь тоглох магадлал өндөр. Энэ давааг давбал үлдсэн замд саад тотгор багатай харагдана. Өмнөх ЕАШТ-д дуусгаагүй ажлаа гүйцээх зорилготой ирсэн тэднийг хэсгээ толгойлох (2.37), сүүлийн 11 томоохон тэмцээнд оролцохдоо таван удаа хагас шигшээд шалгарсан амжилтаа давтах (2.37) бэтүүд сонирхол татна.

Удаах магадлалыг урьдчилсан шатанд бүх тоглолтдоо хожсон Италийн багт өгч байна. Роберто Манчини 2018 онд ажлаа авсан цагаас шинэчлэлийг түргэн хийж, бидний мэдэх хуучны хүчирхэг багийг бүрдүүлсэн нь сүүлийн 16 тоглолтод ердөө гурван гоол алдаж, 70 хувийн хожил авсанаар нотлогдоно. Манчини 20-иос дээш тоглолтод багаа удирдсан дасгалжуулагчдын дунд хамгийн өндөр хожлын хувьтайгаар тэргүүлэх болжээ.

Тактикийн хувьд илүү орчин үеийн уян хатан 4-3-3 хувилбарт тулгуурлаж, “Лацио”-гийн домог, энэ улиралд 20 гоол хийсэн Чиро Иммобиле довтолгооны гол сонголт болно. Хэдийгээр шигшээдээ орон гаран тоглодог нь санаа зовоох боловч түүний орлогч, хамтрагчаар “Ювентус”-ын Федерико Кьеза, “Наполи”-гийн Лорензо Инсинье, “Турин”-ы Андреа Беллотти, “Сассуоло”-гийн Доминико Берарди зэрэг нэр алдар нь түгсэн довтлогчид бийг тооцох хэрэгтэй.

Гэхдээ тэдний амжилтын үндэс нь хашир туршлагатай Жиоржио Кьеллини, Леонардо Боннуччи /хоёул Ювентус/ нарын хослол байх болов уу. Италийн шигшээгийн хувьд талбайдаа хэсгийн бүх тоглолтоо хийх давуу талаа бүрэн ашиглаж чадвал шөвгийн 8-д Бельгитэй тулах байх. Цаашдын амжилт нь Францын хурдан довтлогчдыг аргалж чадахаас хувь заяа нь шалтгаална гэж үзэж байна.

Аль ч тэмцээнд таамаглаагүй амжилтын эзэд тодрон гардаг билээ. Тэгвэл энэ удаагийн шуугианы эздээр Туркийн шигшээ нэрлэгдэх магадлал өндөр байна. Тэд сонгон шалгаруулах шатанд 10 тоглохдоо наймд нь хаалгаа хуурай манаж, хэсгийн тэргүүлэгч Францыг хожсон удаатай. Тус багийн 2002 оны ДАШТ-ий хүрэл медалийн түүхэн амжилтын эзэн болсон Сенол Гүнес багийн дасгалжуулагчаар дахин ажиллаж байгаа нь сайны дохио. Түүнчлэн ахмад тоглогч Бурак Ильмаз онцгой улирлыг Францын “Лилль”-д үдэж, 16 гоол оруулан лигийн аварга цом хүртсэн. “Милан”-д данстай Хакан Чалханоглу Европын топ лигийн тоглогчдыг 98 удаагийн гоолын боломж үүсгэсэн амжилтаар тэргүүлсэн. Чаклар Союунчи (Лестер Сити), Озан Кабак (Ливерпүүл), Мехди Демирал (Ювентус) гээд хөлбөмбөг сонирхогчдын танил нэрсээр хамгаалалтаа зузаалсан тэд хэсгийн шатанд Италийг эс тооцвол харьцангуй сул өрсөлдөгчидтэй (Швейцарь, Уэльс) боломжийн таатай хуваарийн дагуу өрсөлдөнө.

Туркийн шигшээ баг

Хэрэв дэд байраар дараагийн шатанд шалгарвал хасагдах шатны хуваарь харьцангуй хөнгөн байх төлөвтэй. Хэсгээсээ шалгарах одд (1.57) бага тул Италийн хамтаар шалгарах (2.70) бэт боломжийн санагдлаа. Цаашлаад хагас шигшээд ч хүрэхийг (9.0) үгүйсгэмгүй. 

Турк шиг дуулиан тарих магадлалыг мөн Данийн шигшээд өгөхийг хүслээ. Гял цал, үзүүштэй бус найдвартай, нягт нямбай тоглолт тэдний нэрийн хуудас. Хожигдох дургүй хүсэл эрмэлзэл нь 2016 оны намраас хойш ердөө хоёр удаа үндсэн цагт хожигдсоноос харагдана. Тэр хожигдлууд нь хэсгийн өрсөлдөгч Бельгид хамаатай гэдгийг тооцвол улам итгэл нэмэгдэнэ. Хашир туршлагатай хаалгач Каспер Шмейхель, Кристиан Эриксенээс эхлээд хамгаалагчийн хослол Саймон Кяар, Андреас Кристэнсэн, П.Э.Хойберг, Мартин Брэйтвэйт, Юүсүф Поульсен гээд топ клубт данстай тоглогчид нэлээд бий. Эдгээр тоглогчдыг сайн тоглуулах үүрэг Каспер Хюлманд хэмээх эрхэмд өнгөрсөн жилээс оноогдсон. Өнөө цагийн шинийг санаачлагч дасгалжуулагчийн нэг тэрбээр бөмбөг эзэмшилт, шахалт, жигүүрийн тоглолтод ач холбогдол өгдөг нэгэн юм. Италийн “Интер Милан”-д сайн тоглож, карьераа сэргээж чадсан Кристиан Эриксен шигшээгийнхээ амин сүнс хэвээр байна. Эдүгээ 29 настай тэрбээр 2018 оны ДАШТ-ээсс хойш 24 тоглолтод 13 гоол оруулж манлайллаа үзүүлжээ.

Түүнчлэн тэдэнд нийслэл Копенхагендаа тоглох давуу тал байна. Хэсгээсээ шалгарлаа гэхэд шөвгийн 16-д дундаж өрсөлдөгчтэй (бараг Турктэй) тулаад цаашилбал Нидерландтай хүчээ үзэх боломжийн дардан зам хүлээж байна. Өөрөөр хэлбэл, Турк, Данийн аль хожсон нь хагас шигшээд хүрч дуулианы эзэд болно гэдэг зураглал харагдана.

Дараагийн цувралаар Евро-2020 тэмцээнд амжилттай тоглож, нэр алдраа дуурсгах боломжтой тоглогчдын талаар танилцуулна.