Жастин Гэйтжи 2017 онд UFC холбоонд гарын үсэг зурснаас хойш жилд дор хаяж хоёр удаа, тэр байтугай цар тахал Корона дэлгэрсэн 2020 онд ч торонд хэдэн удаа тулалдсан. Харин 2021 он түүний хувьд хийх зүйл бага жил болж байгаа юм. Гэйтжи одоогоор 11 дүгээр сарын 6 хүртэл октагонд хөл тавихгүй.Америк эр аваргын бүс горилох тулаан хийхийн тулд замдаа таарсан хэнтэй ч хамаагүй тулалдахад бэлэн байгаагаа удаа дараа илэрхийлээд байгаа юм.
Эдүгээ жингийн чансааны 2 дугаарт бичигдэж байгаа Гэтжи аваргын төлөөх тулаанд босоо аварга Хабиб Нурмагомедовт ялагдсанаасаа хойш аваргын бүсийг горилох гол хүн гэдэг нь тулаан сонирхогчдод ойлгомжтой байсан. Харин UFC холбооны зүгээс гэнэтийн сонирхолтой шийдвэр гаргаж Беллатор холбооны аварга асан Майкл Чандлерийг Чарльз Оливейрагийн эсрэг тулалдуулсан юм. Уг тулааны дараа Бразил эр Чарльз Оливейра хөнгөн жингийн аваргын бүсийг эзэмшиж байна.
Чөлөөт бөх суурьтай Жастин Гэйтжи саяхан ESPN-нд өөрийн тулааны цаашдын замналын талаар ярилцлага өгчээ.
“Би жилд хоёр удаа тулалддаг тул энэ удаан хугацааны завсарлага миний хувьд сайн зүйл биш гэдэг нь мэдээжийн хэрэг. Хабиб зодог тайлсны дараа Оливейра аварга болсон.Харин 2 дахь жиндээ аваргалахыг хүссэн Дастин Порье удахгүй Оливейратай тулалдах нь цаг хугацааны асуудал болоод байгаа.Тийм болохоор би өөрийн боломжоо хадгалахын тулд магадгүй хамгийн хүндэлдэг тулаанч Макс Холлоуэй тулалдах шаардлагатай болж байна.Үнэнийг хэлэхэд би түүнтэй тулалдахыг хүсэхгүй байгаа ч миний замналын чухал үе болохоор тулалдахаас өөр сонголтгүй бол,бид үүнийг хийх л болно гэжээ.
Өнгөрсөн тавдугаар сард Гэйтжигийн менежер Али Абделазиз өөрийн тулаанчыг Макс Холлоуэйтэй тулалдах боломж байгаа талаар олон нийтийн сүлжээнд илэрхийлээд амжсан. Хавай залуу ч тухайн үед Калвин Каттарыг болгож өгснөөр өөрийгөө хэн бэ гэдгийг тулааны ертөнцөд харуулаад байсан билээ. Холлоуэй Бруклинд болсон UFC 223 тэмцээний үеэр хөнгөн жингийн аваргын төлөө Хабиб Нурмагомедовтой тулалдах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн ч удалгүй Дастин Порьед ялагдсан юм. Түүний дараа Холлоуэй өөрийн үндсэн жин болох өдөн жиндээ тулалдах болсон.
Ямартай ч Холлоуэй ирэх 11 дүгээр сард Йайр Родригестэй тулалдах бөгөөд Гэйтжи, Майкл Чандлер нар түүнээс долоо хоногийн өмнө октагонд нүүр тулах болно. Магадгүй ирэх жилийн эхэнд хоёр тулаанчид тулалдах боломжтой болох бөгөөд түүний өмнө тус тусын хүнд учраануудыг буулгаж авах хүндхэн даалгавартай тулгараад байгаа юм.