М.Анхцэцэг түлхэлттэй өргөлтөөр мөнгөн медаль хүртэв

213

Колумбын нийслэл Богота хотноо хүндийг өргөлтийн ДАШТ үргэлжилж байна. Өнөөдөр гавьяат тамирчин М.Анхцэцэг 87 кг-ын жинд өрсөлдөж, түлхэлттэй өргөлтөөр мөнгөн медалийн болзол хангалаа.

Тэрбээр түлхэлттэйгээр эхлээд 138, дараа нь 143 кг-ыг өргөж, дэд байрт бичигдсэн юм.

Харамсалтай нь манай тамирчин нийлбэр дүнгээр медаль хүртэх боломжгүй болоод байна. Учир нь огцом өргөлтөөр 110 болон 111 кг-ыг захиалаад өргөж чадаагүй тул нийлбэр дүнгээр медалийн төлөө өрсөлдөх боломжоо алдсан юм.

М.Анхцэцэг өнгөрсөн жил дэлхийн аваргад түрүүлэхдээ огцомоор 109, түлхэлттэйгээр 141 кг-ыг өргөж байсан билээ.

Манай бусад тамирчдаас Г.Анужин 64 кг-д нийлбэр дүнгээр наймдугаар байрт орсон.

Эх сурвалж: Монголын Үндэсний Олимпын Хороо