33 жил хүлээсэн медаль

390

Засмал замын дугуйн бөөн гараатай уралдааны эрэгтэйчүүдийн ангилалд 19 орны 66 тамирчин гараанд гарсан. Манай 🇲🇳 улсаас Азийн АШТ-ээс хүрэл медаль хүртсэн, Азийн шилдэг дугуйчин С.Жамбалжамц, Азийн №4 Б.Тэгшбаяр, Э.Билгүүнжаргал, Б.Марал-Эрдэнэ нар эх орноо төлөөлөн оролцлоо.

Нийт 207.7 км замыг туулах даалгавартай дугуйчдыг Казахстаны дугуйчин, энэ оны тивийн аварга Евгений Федоров, Алексей Луценко нар 4:25:29-өөр аварга цолоо бататгасан юм.

Харин тэдний араас АШТ-ий хүрэл медальт, Азийн шилдэг дугуйчнаар шалгарсан С.Жамбалжамц 4:31:11 цагаар ХҮРЭЛ медаль хүртсэн билээ.

Ингэснээр манай дугуйчдын хувьд “Парис 2024” олимпод оролцох эрхээ улам баталгаажууллаа. Парисын олимпод оролцох эрхийг ДАШТ болон тивийн АШТ-д түрүүлсэн тамирчид шууд авдаг. Харин бусад тамирчдын хувьд UCI холбооноос цуглуулсан оноогоор олгогдоно. Манай тамирчдын хувьд нийлбэрээр 1151 оноогоор дэлхийн чансааны 33-т жагсаж буй. Дэлхийн дугуйн холбооноос энэ сарын 17-нд албан ёсоор эрх авсан багийг зарлах юм.

Монгол Улс Азийн Наадамд 1974 оноос эхэлж оролцсон. Энэ наадмаас 15 медаль авсны нэг нь дугуйн багийн төрлөөр хүрэл медаль хүртсэн түүхтэй. Түүнээс хойш 1982 онд Ц.Ганболд засмал замын дугуйн бөөн гараатай уралдаанд мөнгөн медаль хүртэж байв. Харин Бээжинд болсон 1990 оны Азийн Наадамд Д.Төмөр-Очир бөөн гараатай уралдаанд хүрэл, багийн төрөлд мөнгөн медаль зүүсэн билээ. Үүнээс хойш 33 жилийн дараа бөөн гараатай уралдаанаас С.Жамбалжамц медалийн тавцанд гишгэлээ.

Эх сурвалж: МҮОХ
Гэрэл зургийг: Д.Нямбилэг (Монголын спортын сэтгүүлчдийн холбоо)