Мэнни Пакьяод зориулсан тусгай хүсэлт

596

Филиппиний олимпын хорооноос (ФОХ) мэргэжлийн боксын нэрт тамирчин Мэнни Пакьяод зориулсан “тусгай хүсэлт”-ийг Олон улсын олимпын хороонд гаргалаа.

“Парис 2024” зуны олимпод Филиппиний нэрт боксчин Мэнни Пакьяо оролцох хүсэлтэй байгаа билээ. Гэхдээ тэр үед 45 нас хүрэх нэрт боксчинд шууд оролцох боломж үгүй. Учир нь сонирхогчдын боксын насны дээд хязгаар нь 40 байдаг юм.

Энэ хязгаарыг М.Пакьяод зориулан өөрчиллөө гэж бодвол ирэх онд Итали болон Тайландад болох олимпын эрх олгох тэмцээнд оролцож, эрхээ авах ёстой.

Тэгвэл Филиппиний олимпын хорооноос ОУОХ-д зориулсан захидал явуулжээ. Боксчдын насны хязгаарыг нэмэх, ингэснээр М.Пакьяог олимпод оролцуулах боломжоор хангах агуулгатай захидал бололтой.

Мэнни Пакьяо 2008 оны Бээжингийн олимпод Филиппиний тугчаар сонгогдсон билээ.

М.Пакьяо зуны олимпод оролцож байгаагүй. Хэдийгээр өөрөө өрсөлдөж үзээгүй ч 2008 онд болсон Бээжингийн олимпод улсынхаа тугчаар оролцсон юм. Ингэснээр олимпод ороогүй ч тугчаар нь сонгогдсон анхны тамирчин болж байв.

Нэрт тамирчин олимпод оролцоход хэт оройтсон гэж бодохгүй байгаагаа ярьжээ. “Филиппиний олимпын хороо тусгай захидал явуулсанд талархаж байгаагаа илэрхийлмээр байна. Филиппиндээ олимпын алтан медаль авчирч, мөрөөдлөө биелүүлэхэд оройтоогүй гэдэгт итгэлтэй байна” гэж М.Пакьяо онцолсон юм.