ФИБА-гийн дасгалжуулагч бэлтгэх сургагч багшийн олон улсын лиценз олгох сургалтанд Монгол дасгалжуулагч хамрагдана

69

ФИБА-гийн World Association Basketball Coaches (WABC)-гээс дэлхий даяар гишүүн орнууддаа дасгалжуулагчийн сургалтыг зохион байгуулж орчин үеийн сагсан бөмбөгийн шинэлчлэлийг сурган хөгжүүлж лиценз олгодог.

Энэтхэг улсын Ченнай хотод 2024 оны 4 дүгээр сарын 27-29-ны өдрүүдэд болох FIBA WABC Level 1 Coach Instructor Course-д МСБХ-ноос Athletes in Action клубын дасгалжуулагч Эрдэнийн Ариунболд оролцохоор шалгарсан баяртай мэдээг дуулгая. 

Тус сургалтанд оролцохоор 4 дүгээр сарын 25-ны өдөр Энэтхэг улсыг зорино.

ФИБА-гийн зааврын дагуу МСБХ-ноос дасгалжуулагч багшийн хөгжүүлэхэд онцгой анхаарч ажиллаж байгаа ба Монголын сагсан бөмбөгийн дасгалжуулагчдын холбоотой хамтран өнгөрсөн оны 11 дүгээр сараас 3 сарын турш үргэлжилсэн сургалтыг зохион байгуулж С зэрэглэлийн лицензийг олгоод байгаа. 

Цаашид сургалтууд жил бүр зохион байгуулагдаж дасгалжуулагч, багш нараа олон улсын сагсан бөмбөгийн хөгжлийн түвшинтэй зэрэгцэн хөгжүүлэх ажлуудыг тогтмол хийх болно.

Дээрх олон улсын сургалтанд сонгогдох үндсэн шалгуур нь сагсан бөмбөгийн дасгалжуулагчаар хүүхдүүд болон мэргэжлийн түвшинд ажилласан байдал, англи хэлний мэдлэгийн түвшин гол нөлөөтэй байсан юм.

Э. Ариунболд тус сургалтанд хамрагдан шалгалтаа амжилттай өгснөөр Монгол улсаас анх удаа Олон улсын дасгалжуулагчийн сургалт зохион байгуулах эрх буюу FIBA Coach Instructor лицензтэй болох боломжтой юм. 

Дасгалжуулагч багш Э. Ариунболддоо амжилт хүсье!