Томчуудад халгаатай дэлхийн дэвжээ

1091

Өнөө жилийн ДАШТ томчуудад халгаатай үргэлжилж байна. Аргентин хүн ам цөөтэй Исландтай 1:1-ээр тэнцэж, дэлхийн аварга немцүүд эхний тоглолтдоо Мексикт 1:0-ээр хожигдсон бол энэ тэмцээнд түрүүлэх өндөр магадлалтай Бразилын шигшээ баг Швейцарьтай 1:1-ээр оноо хуваалаа.

Испанийн “Барселона” клубт алба хашдаг довтлогч Филиппе Коутино тус тоглолтын 20 дахь минутад гайхалтай гоолын эзэн болсон ч хоёрдугаар хагаст Стивен Цубер мөргөж гоол оруулснаар тооны харьцааг тэнцүүлсэн.

Ингэснээр Бразилын тэргүүлсэн “E” хэсгийг Коста Рикаг 1:0-ээр буулган авсан Серб тэргүүлж, оноо хуваасан хоёр баг удаалж явна.

Титегийн шавь нар Коутиногийн гоол орох хүртэл эрч хүчтэй, ширүүн дайрсан довтолгоог харуулсан ч гоол орсоны дараа бага зэрэг тайвширч, өмнөх шигээ хүчтэй довтолгоо өрнүүлэх нь багассан.

Харин хоёрдугаар хагаст Швейцарийн Стивен Цуберийн мөргөсөн бөмбөг гоол болсон. Гэхдээ түүнийг үсрэхээсээ өмнө эсрэг багийн хамгаалагч Мирандаг түлхсэн гэж Бразилын багийнхан гомдол гаргасан ч мексик шүүгч бичлэг үзэхээс татгалзсан юм.