Бразил эцсийн мөчид хожлоо

1028

Бразил 2:0 Коста Рика

Гоол: Коутино 91, Неймар 97

Тоглолтын шилдэг: Филиппе Коутино


Энэ жилийн ДАШТ том багуудад халгаатай үргэлжилж буй. Дэлхийн таван удаагийн аварга бразилчууд Коста Рикагийн эсрэг үндсэн 90 минутын турш гоол оруулах гэж зүтгээд чадаагүй. Хэрвээ энэ тоглолт гоолгүй өндөрлөвөл хэсгийн эхний хоёр тоглолтод хожиж чадаагүй Бразил Сербийн эсрэг тун хэцүү тоглолт хийх байлаа. Харин Коста Рика хэсгээсээ шалгарах найдвар нь үлдэх байсан юм.

Гэвч дахин тэнцээ авахыг хүсээгүй бразилчууд шүүгчийн мэдлийн 91 дэх минутад л хүслээ гүйцээлээ. Испанийн “Барселона” багийн цэрэг Филиппе Коутино Кэйлор Навасын хаалганд гоол оруулснаар энэ ДАШТ-д хоёр ба түүнээс олон гоол оруулсан 9 дэх тоглогч боллоо.

Бразилын багийн хоёр дахь гоол орох гэж 96 минут 49 секунд зарцуулав. Коста Рикачууд цаг барих гэж тоглолтын төгсгөлд олон удаа оролдлого хийсэн бөгөөд шүүгч үүнийг харгалзаж үзээд 6 минут сунгасан юм. Энэ үед бразилчууд гоол оруулсан тул шүүгч тоглолтыг дуусгах гэж яарахгүй байлаа. Харин энэ үед Неймар энэ ДАШТ-ий эхний гоолоо орууллаа. Харин Бразилын баг дээрх хугацаанд гоол оруулснаар 1966 оноос хойш хамгийн орой бүртгэгдсэн гоолоор тодорчээ. Түүнчлэн Неймарын хувьд шигшээдээ 56 дахь гоолоо оруулав. Ингэснээр түүний урд домогт Пеле (77), Роналдо (62) хоёр л бичигдэж буй.

Бразилын баг Коста Рикатай хийсэн сүүлийн 11 тоглолтын 10-т нь хожсон бол эсрэг баг нь ДАШТ-ий сүүлийн таван тоглолтод хожил авч чадсангүй.