Кейсүки Хонда багаа аварлаа

1076

Япон 2 – 2 Сенегал

Гоол: Такаси Инүй 34, Кейсүки Хонда 78, Садио Манэ 11, Мусса Ваге 71

Тоглолтын шилдэг: Садио Манэ


Эхний тоглолтод хожил авсан хоёр багт хэсгээсээ шалгарах эрхээ баталгаажуулахын тулд ялалт зайлшгүй хэрэгтэй байсан ч эвийн гэрээ байгуулж, оноо хуваалаа. Сенегалын лидер Садио Манэ дөнгөж 11 дэх минутад гоол оруулсан. Энэ нь Японы шигшээ багийн түүхэнд хамгийн эрт алдсан гоол болжээ. Гэхдээ африкчууд тэргүүллээ удаан хадгалсангүй. Энэ ДАШТ-д оролцож буй тоглогчдоос хамгийн хөнгөн жинтэй нь гэгдэх Испанийн “Реал Бетис”-т зүтгэдэг Такаси Инүй тэнцээний гоолыг оруулав. Энэ тоглогч бүрэлдэхүүний мэдүүлэг дээр дөнгөж 59 кг жинтэй гэдгээрээ өд шиг хөнгөн эр болох нь тогтоогдсон ч ур чадвараар дутахгүй гэдгээ нотоллоо.

Сенегалын шигшээ багийн ахлагч С.Манэгаа гоол оруулсан тоглолтод хожигддоггүй аж. Хоёрдугаар хагаст үүнийг нотлох мэт Муса Ваге хоёр дахь гоолыг оруулсан ч хур их туршлагатай Кейсүки Хонда долоон минутын дараа тооны харьцааг тэнцүүлэв. К.Хонда ийнхүү сүүлийн гурван ДАШТ дараалан гоол, гоолын дамжуулалт өгсөн цор ганц тоглогч болжээ.