Йоахим Лёв хамгийн өндөр цалинтай дасгалжуулагч

1900

Орост болж буй ДАШТ-ий өмнөхөн гэрээгээ шинэчилж, Германы шигшээ багийн дасгалжуулагчаар 2022 он хүртэл ажиллах болсон Йоахим Лёв энэ хугацаанд жилд 3.8 сая еврогийн цалин авах аж. Ингэснээр 58 настай мэргэжилтэн шигшээ багтаа хамгийн удаан хугацаанд ажилласан дасгалжуулагч гэдгээс гадна хамгийн өндөр цалинтай нь гэгдэх боллоо. И.Лёв 2006 оноос хойш Германыг дасгалжуулж буй.

Түүний араас Бразилын Тите, Францын Дидье Дешам нар 3.6 сая еврог халаасалдаг. Тэдний араас Оросын шигшээ багийн дасгалжуулагч Станислав Черчесов 2.5 сая евро авдаг бол айргийн тавд Португалын Фернандо Сантос 2.2 сая еврогоор багтжээ.

Хорватын шигшээд 3:0-ээр хожигдоод албан тушаалаа алдах эсэх дээрээ тулсан Аргентинийн Хорсе Сампаоли ч өндөр цалин дасгалжуулагчийн тоонд орно. Тэрбээр жилд 1.8 сая еврогийн цалин авч буй.

Сонирхуулахад, ДАШТ-д оролцож буй 32 багаас хамгийн бага цалинтай нь Сенегалын Алиу Сиссе юм. Тэрбээр дасгалжуулагчийн ажил хийгээд жилдээ 200 мянган евро олдог аж.

Дэлхийд хамгийн өндөр цалин авдаг дасгалжуулагчаар “Манчестер Сити”-гийн Пэп Гуардиола тодорсон. Хотынхон түүнд жилийн 17.46 сая евро өгдөг. Түүний араас “Манчестер Юнайтед”-ийн Жозе Моуриньо 17.11 сая еврогоор удаалдаг гэнэ.