Игорь Акинфеев Оросын баатар боллоо

1017

Орос 1:1 Испани

Гоол: Сергей Игнашевич (авто гоол) 12, Артем Зюба (пеналт) 41

Тоглолтын шилдгээр: Игорь Акинфеев


Хөлбөмбөгт басах өрсөлдөгч гэж үгүй байхгүй гэдгийг эх орондоо болж буй ДАШТ-д оросууд баталлаа. Тэд чансаагаар 70-д жагсаж, нөхөрсөг тоглолтдоо огт хожил аваагүй ч шөвгийн 8-д шалгарч үлдэв. Ингэхдээ тус тэмцээнд түрүүлэх магадлалтай Испанийн шигшээ багийг торгуулийн цохилтоор буулган авч, орос түмнээ баярлуулав.

Испаничууд Оростой хийсэн сүүлийн гурван тоглолтод 10 гоол оруулж байлаа. Тиймээс энэ тоглолтод ихэнх нь испаничуудыг ялна гэж бодож байсан нь лавтай. Үүнийг батлах мэт талбайн эзэд өөрсдийнхөө хаалганд гоол оруулчихав. Өдгөө 38 настай Сергей Игнашевич авто гоол оруулснаар Улаан уур хилэн тэргүүлж эхэлсэн. С.Игнашевич ДАШТ-д 38 нас, 352 хоногтойдоо өөрийнхөө хаалганд гоолдсон хамгийн ахмад хөлбөмбөгчин болов. Түүнчлэн 1966 оноос хойш өөрсдийнхөө хаалганд хоёр гоол оруулсан хоёр дахь баг боллоо. Одоогоос 52 жилийн өмнө Болгарын шигшээ баг нэг дэлхийн аваргад хоёр ч удаа өөрсдийнхөө хаалгыг мялаасан түүхтэй.

Үүнийг эс тооцвол Испанийн шигшээ багт өөр олигтой довтолгоо яваагүй. Тэд ихэнх хугацаанд бөмбөг эзэмшиж, ур чадвараар илүү гэдгээ харуулсан ч довтолгоог төгсгөх учраа олохгүй байлаа. Харин оросууд боломж гаргасан. Эхний хагаст булангийн цохилтоос ирсэн бөмбөгийг Артем Зюба мөргөх үед Испанийн шигшээгийн хамгаалагч Жерард Пике бөмбөгийг гараараа хааж, зогсоосон. Шигшээ багтаа олон жил зүтгэсэн хамгаалагч эр үсрэх үед гар санаандгүй дээшээ явсан гэж “мэлзсэн” ч Нидерланд шүүгч торгуулийн цохилт заалаа. Энэ боломжийг гоолын тэнгэртэй байгаа довтлогч Артем Зюба цохиж оруулснаар тооны харьцааг тэнцүүлэв.

Тоглолтын хоёрдугаар хагас, шүүгчийн мэдлийн минут, нэмэлт цагт ч хэмнэл огт өөрчлөгдөөгүй. Оросууд хамгаалалтад анхаарч, испаничууд довтлох аядсаар л… Тоглолтын 85 дахь минутад Андрес Иньестагийн 16 метрийн гаднаас цохиж, айлын хамгаалагчдыг сандаргасан ч Игорь Акинфеев найдвартай байлаа. Ингээд торгуулийн цохилтоор бүхнийг шийдэх болов.

А.Иньеста, Ж.Пике нар Испаниас торгуулийн цохилтоо оруулсан бол Оросоос Ф.Смолов, С.Игнашевич хариуг нь барьлаа. Харин хагас хамгаалагч Коке торгуулийн цохилтоо алдсанаар оросуудад том боломж гарч ирсэн. Залуу од А.Головин, Д.Черышев нар цохилтоо оруулж, Испаниас С.Рамос найдвартай байсан ч Иаго Аспасын цохилтыг И.Агинфеев хөлөөрөө хааж, орос түмнийхээ баатар нь болов. Сонирхуулахад, 1990 оны хагас шигшээд эзэн орны Итали, Аргентинийн багт торгуулийн цохилтоор хожигдсоноос хойш талбайн эзэн баг тав дараалан хожсон гэнэ. Тодруулбал, 1998 онд Франц, 2002 онд БНСУ, 2006 онд Герман, 2014 онд Бразил тус бүр өрсөлдөгчөө хожсон удаатай.