57 секунд + 11 торгуулийн цохилт + Гайхалтай төгсгөл

882

Хорват, Данийн шигшээ багийн тоглолтын сонирхолтой тоон баримтыг хүргэе.


20

Хорватууд 20 жилийн дараа буюу 1998 оноос хойш анх удаа шөвгийн 8-д үлдлээ. ДАШТ-ий түүхээ тэр жилээс эхэлж бичсэн хорватууд анх удаа торгуулийн цохилтоор тоглолтыг шийдсэн нь энэ юм. Харин 20 жилийн өмнө анх удаа оролцсон хорватууд хүрэл медаль хүртэж байлаа.

1

Данийн Матиас Йоргенсен шигшээ багийнхаа ДАШТ-д оруулсан хамгийн хурдан гоолын эзэн болсон. Тэрбээр 57 секундэд гоол оруулсан юм. Түүнээс өмнө 1998 онд Мартин Йоргенсен хоёр Бразилын эсрэг хоёр дахь минутад гоолдож байв. Харин дөрөв дэх минутад хариуг нь барьсан Марио Манзукичийн гоол Хорватын шигшээгийн хамгийн хурдан гоолын хоёрдугаарт бичигдэнэ. Өмнө нь Дарио Срна 2006 оны ДАШТ-д Австралийн эсрэг эхний минутад гоол оруулсан удаатай.

13

М.Йоргенсений 57 секундэд оруулсан гоол ДАШТ-ий түүхэнд 13 дахь хамгийн хурдан гоолоор бүртгэгджээ. Харин хасагдах шатанд (хүрэл медалийн тоглолт тооцоогүй) оруулсан гурав дахь хурдан гоол юм. 1938 онд болсон дэлхийн аваргын хагас шигшээд Шведийн Арне Нюберг Унгарын хаалганд 35 секундэд гоол оруулсан бол 1966 оны шөвгийн 8-д Хойд Солонгосын Пак Сюн Зин 50 секундэд амжиж Португалын хаалгыг мялаажээ. Шведүүд Унгарыг 5:1-ээр буулган авсан бол Португал хэдий гоол алдсан ч өрсөлдөгчөө 5:3-аар илүүрхжээ.

4

Эхний дөрвөн минутад хоёр баг хоёул гоол оруулсан ДАШТ-ий түүхэнд хоёр дахь нь юм. Үүнээс өмнө 2014 онд Аргентинийн Леонил Месси, Нигерийн Ахмед Муса нар 3 минут 47 секундэд амжиж гоол оруулсан. Харин Йоргенсен, Манзукич нарын гоол 3 минут 40 секундэд орсон аж.

2

Лука Модрич ДАШТ-ий түүхэнд нэмэлт цагт торгуулийн цохилт алдсан хоёр дахь тоглогч гэнэ. Түүнээс өмнө 2010 оны шөвгийн наймд Уругвай – Ганагийн тоглолтод Асамоа Гьян торгуулийн цохилт алдаж байв. Луис Суарес эцсийн мөчид гараараа хааж, улаан хуудас авч хөөгдсөн ч баг нь торгуулийн цохилтыг хаагаад зогсохгүй дараагийн шатанд үлдсэн билээ. Каспер Шмейхель энэ удаагийн ДАШТ-д торгуулийн цохилт хаасан дөрөв дэх хаалгач болов.

32

32 жилийн дараа ДАШТ-ий түүхэнд нэг өдөр болсон хоёр тоглолт торгуулийн цохилтоор шийдэгдсэн. 1986 оны зургадугаар сарын 21-нд Франц Бразилыг 4:3-аар пеналти цохиж хожсон бол Герман Мексикийг мөн ийм хувь тавилангаар буулгаж авчээ.