ОХУ-ын 24 мянган хөгжөөн дэмжигчид шигшээ багийнхандаа баяр хүргэв

1179

ОХУ-ын хөлбөмбөгийн шигшээ баг нутагтаа зохион байгуулсан тэмцээнд тун амжилттай оролцож, хэсгээсээ гараад зогсохгүй шөвгийн 8-д хүрсэн билээ. Энэ бол хуучин Зөвлөлт холбоот улс задарсанаас хойш оросуудын хөлбөмбөгт үзүүлсэн хамгийн оргил амжилт нь юм.

Тэгвэл Москва хотын төв талбайд зассан “FIFA Fan Fest” хэмээх хөгжөөн дэмжигчдэд зориулсан арга хэмжээнд 24 мянган хүн цугларч, шигшээ багийнхандаа талархаж байгаагаа илэрхийлэв.

Оросын шигшээ багийн довтлогч Артем Дзюба “Тасс” агентлагт өгсөн ярилцлагадаа “Энэ бол бидэнд ирсэн маш том хүндэтгэл. Бид эх орныхоо төлөө тоглосон. Бид Оросын хөлбөмбөг амьд гэдгийг батлахаар хичээсэн юм. Та бүхэнд маш их баярлалаа” гэж ярьжээ.

ОХУ-ын шигшээ баг шөвгийн 8-д хүчтэй өрсөлдөгч болох Хорватын багт хожигдсон. Гэхдээ үндсэн цаг 1:1-ээр, нэмэлт цаг 2:2-оор өндөрлөж, торгуулийн цохилтоор буюу 4:3-аар дийлдсэн юм.

Шигшээ багийн ерөнхий дасгалжуулагч Станислав Черчесов энэ үеэр хөгжөөн дэмжигчиддээ том амлалт өгчээ. Энэ жил үзүүлсэн тоглолтоо 2022 онд Катарт болох ДАШТ-ий үеэр ахиулна гэдгээ амлав.

Уг үйл ажиллагааны төгсгөлд шигшээ багийн тоглогчид болон хөгжөөн дэмжигчид хамтдаа төрийнхөө сүлд дууг дуулсан юм.