ESPY ёслолын арга хэмжээний ялагчид

1056

АНУ-ын их спортын томоохон ёслолын арга хэмжээ болох ESPY 2018 уламжлал ёсоор Лос Анжелес хотноо боллоо. Спортын ихэнх үйл ажиллагаа оны төгсгөлд болдог. Харин энэ ёслол зуны ид үед өрнөдөг гэдгээрээ ялгардаг. Учир нь мэргэжлийн лигүүд дуусч, дүнгээ гаргахад тохиромжтой цаг үе ирдэг гэж зохион байгуулагчид үздэг байна.

Энэ үдшийн гол баатар нь “Вашингтон Капиталс”-ын Алекс Овечкин байлаа. Тэр шилдэг эрэгтэй тамирчин болсон. Харин шилдэг эмэгтэй тамирчнаар олимпийн алтан медальт, сноубордын тамирчин Клое Ким тодорсон юм. Бэйсболын “Хьюстон Астрос” шилдэг багаар нэрлэгдлээ.

Шилдэг дасгалжуулагчаар өнгөрсөн хоёрдугаар сард Маржори Стонмэн Доуглас ахлах сургуульд болсон буудалцааны үеэр амиа алдсан Аарон Фейс, Скотт Бэйгэл, Крис Хиксон нарыг нэрлэжээ.

Мөн ёслолын арга хэмжээний үеэр АНУ-ын гимнастикийн шигшээ болон Мичиган их сургуулийн эмч Ларри Нассарын хэргийн хохирогчид гэх 141 эмэгтэй нэгэн зэрэг тайзан дээр гарч ирсэн юм. Олимпийн аварга Али Рэйсман энэ үеэр “Бид хохирогч болохдоо ганцаараа байсан ч энэ хэцүү үеийг хамтдаа давж гарах болно” гэж хэлсэн юм.

ESPY шагналын ялагчид

Шилдэг эрэгтэй тамирчин: Алекс Овечкин, Вашингтон Капиталс

Шилдэг эмэгтэй тамирчин: Клое Ким, АНУ-ын сноубордын тамирчин

Шилдэг баг: Хьюстон Астрос, Бэйсбол

Шилдэг тоглолт: Арике Огунбовэйл, эмэгтэй сагсан бөмбөгч, коллежийн аваргын төлөөх хожлын шидэлт

Шилдэг дасгалжуулагч: Аарон Фейс, Скотт Бэйгэл, Крис Хиксон нар, Доуглас ахлах сургууль

Хамгийн шуугиан тарьсан тоглогч: Донован Митчелл, Юта Жазз

Шилдэг тулаанч: Терренс Крауфорд, АНУ

NFL-ийн шилдэг тоглогч: Том Брэди, Нью Энглэнд Патриотс

MLB-гийн шилдэг тоглогч: Майк Троут, Лос-Анжелес Анжелс

NBA-гийн шилдэг тоглогч: Лэброн Жэймс, Кливлэнд Кавальерс

WNBA-гийн шилдэг тоглогч: Майа Мур, Миннесота Линкс

NHL-ийн шилдэг тоглогч: Алекс Овечкин, Вашингтон Капиталс

Шилдэг эрэгтэй хөлбөмбөгчин: Криштиану Роналду

Шилдэг эмэгтэй хөлбөмбөгчин: Сэм Керр