Никола Калинич ДАШТ-ий медалиас татгалзав

1081

Хорватын шигшээ багийн довтлогч Никола Калинич ДАШТ-ий мөнгөн медалиас татгалзжээ. Италийн “Милан” багийн довтлогч Никола гарааны довтлогч Марио Манжукичийн сэлгээгээр дуудагдсан ч хэсгийн тоглолтод Нигерийн эсрэг сэлгээнээс талбайд гарахаас татгалзсан учир дасгалжуулагч Златко Далич багаасаа хөөсөн юм. Өдгөө 30 настай Н.Калинич нуруу нь өвдөж байна гэж баашилсан ч үүнд нь З.Далич болон шигшээ багийн эмч нар итгээгүй. Тиймээс туршлагатай довтлогчийг гэр лүү нь буцаасан юм.

Хэдийгээр хүн дутуу болсон ч гайхалтай тоглолт үзүүлсээр ДАШТ-ий шигшээд шалгарсан ч финалд Францын багт дийлдсэн билээ.

Гэхдээ нэгэнт шигшээгийн албан ёсны бүртгэлд багтсан учир түүнд медаль, шагналын мөнгө зэргийг олгох ёстой. Хорватын хөлбөмбөгийн холбоо ч түүнд медалийг нь өгөх хүсэлтэй байсан ч Н.Калинич өөрөө татгалзжээ. Тэрбээр “Сайхан санал тавьсанд баярлалаа. Гэхдээ би ДАШТ-д оролцоогүй. Тиймээс уг шагналыг хүлээн авч чадахгүй” гэж тайлбарлажээ.