Усайн Болт Австралийн клубт бэлтгэл хийнэ

2205

Ямайкийн нэрт гүйгч Усайн Болт мэргэжлийн хөлбөмбөгчин болох мөрөөдлөө орхиогүй явна. Их спортоо орхисноос хойш Германы “Борусси Дортмунд”, Өмнөд Африкийн “Мамелоди Сандоунс”, Норвегийн “Стрёмсгодсет” багуудад бэлтгэл хийгээд амжсан 31 настай эр ногоон тивийн “Сентрал Коаст Маринерс” багийн бэлтгэлд хамрагдах болжээ.

Хэрвээ ямайк гүйгч багийн дасгалжуулагч нарт таалагдвал Австралийн дээд лиг болох А лигээс хөлбөмбөгчний гараагаа эхлүүлэхэд ойрхон байх аж.

“Би үргэлж л өөртөө боломжгүй зүйл гэж үгүй. Өөртөө битгий хязгаар тавьж бай гэж хэлдэг. Тиймээс цаашид ч мөрөөдлөө орхихгүй” гэж олимпийн найман удаагийн аварга, эрэгтэйчүүдийн 100, 200 метрийн дэлхийн рекорд эзэмшигч эр хэвлэлд ярьжээ.

У.Болт хөлбөмбөгийн улаан хорхойтон. Өнгөрсөн зургадугаар сард “Манчестер Юнайтед”-ийн алдарт “Олд Траффорд” цэнгэлдэхэд “Soccer Aid” буяны тоглолтод оролцож, торгуулийн цохилтоос гоол оруулснаар тус тоглолтын шилдгээр шалгарч байсан билээ.

У.Болт Английн “Манчестер Юнайтед” багийн хөгжөөн дэмжигч. Түүнчлэн өнгөрсөн долдугаар сарын 15-нд ОХУ-ын Москва хотод болсон хөлбөмбөгийн ДАШТ-ийг үзэж сонирхсон удаатай.

Австралийн хөлбөмбөгийн лиг ирэх аравдугаар сард нээлтээ хийх аж.