Э.Цэндбаатар медалийн болзол хангалаа

2335

Азийн наадмын боксын төрөлд манай тамирчид ямартай ч нэг медальтай боллоо. Тодруулбал, эрэгтэйчүүдийн 60 кг-д өрсөлдсөн Э.Цэндбаатар шөвгийн наймд Туркменистан улсын боксчин Хурсанд Иманкулиевийг 5:0-ээр ялж, медалийн болзол хангасан юм. Тэрбээр хагас шигшээд БНХАУ-ын боксчин Шан Жүнтэй тулалдана. Өдгөө 24 настай нанхиад эр олимп, ДАШТ-д оролцож байсан, өнгөрсөн жил тивийн аваргаас хүрэл медаль хүртсэн нэгэн. Манай Цэндээгээс нуруу өндөр буюу 173 см өндөртэй. Харин Э.Цэндбаатар 165 см өндөртэй юм.

Энэ жингийн нөгөө талд дэлхийн залуучуудын АШТ-ээс хүрэл медаль хүртэж байсан 20 настай Узбекистаны боксчин Абдурасулов Шункор, Тайландын 22 настай тулаанч Ружакран Жунтронг нар хагас шигшээд тулалдах аж.

Эрэгтэйчүүдийн 52 кг-д тулалдсан Г.Ган-Эрдэнэ шөвгийн наймд учраа таарсан Тайландын Юттапонг Тонгдеег дийлсэнгүй. Манай тамирчин хоёрдугаар үед илүү тоглолт үзүүлсэн ч энэ эрчээ гуравдугаар үеийн төгсгөл хүртэл хамгаалж чадаагүй юм.

Ингэснээр Жакартагийн рингэнд гарсан манай 10 тамирчнаас 56 кг-д Х.Энх-Амар, 60 кг-д Э.Цэндбаатар, 64 кг-д Б.Чинзориг, эмэгтэйчүүдийн 51 кг-д О.Жаргалан нар тэмцээнийг үргэлжлүүлж байна.