Д.Сумъяа Азийн Наадмын хошой хүрэл медальт боллоо

1714

Азийн Наадмын жүдо бөхийн эмэгтэйчүүдийн 57 кг-д Доржсүрэнгийн Сумъяа хоёр дахь хүрэл медалиа хүртлээ. Тэрбээр медалийн төлөө БНХАУ-ын тамирчин Люү Тон Жуаныг нэмэлт цагт вазари үнэлгээгээр ялж, дөрвөн жилийн өмнөх амжилтаа давтсан юм.

Энэ жинд Японы бөх Момо Тамаоки түрүүлж, манай Д.Сумъяаг ялсан Хойд Солонгосын Ким Жин А мөнгөн медаль хүртлээ.

Харин Д.Сумъяатай хамт Тайванийн бөх Чэн Лин Лэн хүрэл медаль зүүсэн юм.

Ийнхүү энэ удаагийн Азийн Наадамд Монголын багийн 13 дахь, үүнээс долоо дахь хүрлийг Д.Сумъяа авчирлаа. Түүнчлэн тэрбээр Азийн наадамд хос медальтан болсон цөөн тамирчдын нэг болов.