Эмэгтэй гар бууны баг залуучуудын ДАШТ-ээс мөнгөн медаль хүртлээ

2111

БНСУ-ын Чанвон хотод болж буй 52 дахь удаагийн буудлагын ДАШТ зургаа дахь өдрөө үргэлжилж байна. Өнөөдөр хийн гар бууны залуучуудын охидын дасгалд Х.Уртнасан ,П.Түмэнхүслэн, А.Буяндэлгэр нарын бүрэлдэхүүнтэй Монгол улсын шигшээ баг 1698 оноогоор 14 багаас хоёрдугаар байр эзэлж, мөнгөн медаль хүртлээ.

Энэ төрөлд БНСУ-ын баг тамирчид 1700 оноогоор алтан медаль хүртсэн бол 1693 оноо авсан ОХУ-ын охид хүрэл медалийн эзэд болов.

Дөрвөн жилд нэг удаа болдог буудлагын ДАШТ-ий хувийн төрөлд эхний дөрвөн байр эзэлсэн тамирчин “Токио 2020” олимпийн анхны эрхийг авах юм.

Одоогоор 24 улс ямар нэг байдлаар медаль авсан бөгөөд Монголын шигшээ баг нэг мөнгөн медаль хүртсэн амжилтаар Иран, Польш, Шведийн хамт 20 дугаар байрт явж байна. Харин БНСУ таван алт, таван мөнгө, таван хүрэл медаль хүртсэн үзүүлэлтээр тэргүүлж, ОХУ дөрвөн алт, БНХАУ, Энэтхэг тус бүр гурван алтан медальтай явна.