Жүдо: 2021 оны ДАШТ Австрийн Вена хотод болно

3143

Азербайжаны Баку хотод болох жүдо бөхийн ДАШТ-ээс өмнө тус бөхийн холбооны Удирдах зөвлөлийн гишүүдийн хурал боллоо. Энэ хурлаар Олон улсын жүдо бөхийн холбооны тэргүүн Мариус Визерь ДАШТ-ийг нутагтаа зохион байгуулж буй явдалд Азербайжаны жүдо бөхийн холбооны Ерөнхийлөгч Ровнаг Абдуллаевт талархаж байгаагаа илэрхийлсэн юм.

Түүнчлэн ноён М.Визерь Абу Дабигийн Их Дуулга тэмцээнийг дахин зохион байгуулахаар болсондоо сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэв.

Азербайжаны жүдо бөхийн холбооны тэргүүн ноён Ровнаг Абдуллаев

Энэ өдөр хэлэлцсэн хамгийн гол асуудал нь 2021 оны жүдо бөхийн ДАШТ-ийг зохион байгуулах улсыг зарлах байв. Өнөө жилийн тэмцээнийг Азербайжаны нийслэл Бакуд, 2019 оны ДАШТ-ийг Японы нийслэл Токиод зохион байгуулах бол 2021 оных Австрийн нийслэл Вена хотод болохоор шийдвэрлэжээ. Тодруулбал, 2021 оны есдүгээр сарын 12-19-нд зохион байгуулах юм. Тэмцээнийг “Винер Штадтхалле” 16 мянган хүний суудалтай спортын ордонд явуулах аж.

Австрийн Вена хот 1975 онд эрэгтэйчүүдийн ДАШТ-ийг, 1984 онд эмэгтэйчүүдийн ДАШТ-ийг тус бүр зохион байгуулсан туршлагатай. Харин нэгдмэл байдлаар зохион байгуулах болсноос хойш энэ бүс нутагт дэлхийн аваргын тэмцээн болж байгаагүй.