Конор МкГрегор дахин зургаан тулаан хийнэ

2369

UFC холбооны тэргүүн Дана Уайт ирланд тулаанч Конор МкГрегортой шинэ гэрээ байгуулснаа зарлав. Ирэх сарын 6-нд Хабиб Нурмагомедовтой тулалдах тулааныг оролцуулаад К.МкГрегор UFC холбоонд дахин зургаан тулаан хийхээр болжээ.

Д.Уайт анх найман тулаан хэмээн мэдээлсэн ч удалгүй зургаа хэмээн залруулсан аж. Сонирхуулахад, К.МкГрегор болон ОХУ-ын тулаанч Х.Нурмагомедов нарын тулаан шинэ рекорд тогтооно гэж таамаглаж буй. Өмнө нь К.МкГрегор болон Нэйт Диас нарын “UFC 202” тулааныг 1.6 сая удаа худалдаж авсан нь рекорд үзүүлэлт байв. Харин энэ удаагийн тулааныг 2.5 саяд хүрнэ гэж тооцож буй.

К.МкГрегор саяхан “Proper Twelve” нэртэй вискиг худалдаанд гаргасан билээ. Тэгвэл шинэ гэрээнд нь К.МкГрегорыг тулалдах бүрт спонсороор нь уг вискиг сонгохоор заасан гэдгээ дурджээ.

“UFC 229” тулаан бол К.МкГрегорын хувьд сүүлийн хоёр жилд хийж буй анхны тэмцээн. Тэрбээр 2016 оны арваннэгдүгээр сард Эдди Алваресийг техникийн хүнд цохилтоор ялснаас хойш албан ёсны тулаанд оролцоогүй. Энэ хугацаанд мөнгө хөөж, Флойд Мэйвэйдертэй бокс тоглоод амжсан К.МкГрегор дүрэм ёсоор аваргаа хамгаалах тулаан хийгээгүй тул түүний бүсийг хурааж авсан билээ. Улмаар Х.Нурмагомедов өнгөрсөн дөрөвдүгээр сарын 8-нд Эл Яквинтаг ялснаар аварга болсон юм.