Баку 2018: Л.Отгонбаатар ДАШТ-ээс медаль хүртсэн 15 дахь жүдоч боллоо

2594

Бакуд үргэлжилж буй жүдо бөхийн ДАШТ-ий зургаа дахь өдөр Монголын тамирчин Л.Отгонбаатар хүрэл медаль хүртэж, дэлхийд мөрөө тамгалсан Монголын 15 дахь жүдоч, нийт 20 дахь медалийн эзэн боллоо.

Япончууд эмэгтэйчүүдийн -78 кг-д түрүүлсэн бол БНСУ-ын жүдоч эрчүүдийн -100 кг-д манлайлав.


ЭМЭГТЭЙ

-78 кг: Шори Хамада Японы зургаа дахь алтыг авчирлаа

Токио Их Дуулга тэмцээний аварга Японы Шори Хамада 28 насныхаа төрсөн өдрөөр ДАШТ-д анх удаа барилдаж, эх орондоо алтан медаль авчирлаа. Тэрбээр энэ жинд дэлхийн чансааг тэргүүлж буй Нидерландын Гуус Стенхуисийг ялсан юм. Хоёр бөхийн барилдаан үндсэн цагт шийдэгдээгүй. Нэмэлт цаг руу орж, таван минут гаруй барилдсаны дараа нидерланд бүсгүй гурав дахь шидогоо авч, хасагдсан юм.

Энэ жинд хүрэл медалийг бас нэг нидерланд бүсгүй хүртсэн. 2009 оны дэлхийн аварга Маринд Веркерк Их Британийн залуу тамирчин Кати Жемима Еац Брауныг ялснаар ДАШТ-ээс дөрөв дэх медалиа хүртлээ. Энэ жинд шагналт V байр эзэлсэн Катигийн хувьд -70 кг-д хүч сорьдог ч өнгөрсөн тавдугаар сараас хойш энэ жинд өрсөлдөж буй аж. Гэхдээ тэр ДАШТ-ий дараа хуучин жиндээ орно.

Хоёр дахь хүрлийг ОХУ-ын Александра Бабинцева хүртлээ. Орос бүсгүй дэлхийн чансааны 34-т жагсдаг БНХАУ-ын Ма Жен Жаог ялсан юм.  Чиндаогийн гранпригаас хүрэл медаль хүртсэн 20 настай нанхиад бүсгүй энэ жил Азийн наадмаас хүрэл медаль хүртэж, ДАШТ-д шагналт V байр эзэллээ.

Финал

Шори Хамада (Япон) vs Гуус Стенхуис (Нидерланд)

Хүрэл медалийн барилдаан

Маринде Веркерк (Нидерланд) vs Кати Жемима Еац Браун (Их Британи)

Ма Жен Жао (БНХАУ) vs Александра Бабинцева (ОХУ)

Хагас шигшээ

Ма Жен Жао (БНХАУ) vs Гуус Стенхуис (Нидерланд)

Маринде Веркерк (Нидерланд) vs Шори Хамада (Япон)

Үр дүн:

1. Шори Хамада (Япон)

2. Гуус Стенхуис (Нидерланд)

3. Маринде Веркерк (Нидерланд)

3. Александра Бабинцева (ОХУ)

5.  Кати Жемима Еац Браун (Их Британи)

5. Ма Жен Жао (БНХАУ)

7. Маделен Малонга (Франц)

7. Клара Апотакер (Словак)


-100 кг: БНСУ-ын Чой Гү Хам анх удаа дэлхийн аварга боллоо

Их Дуулгын хоёр түрүүтэй БНСУ-ын Чой Гү Хамын од нь гийсэн өдөр байлаа. Өнгөрсөн сард Азийн наадмаас мөнгөн медаль хүртсэн солонгос эр аваргын төлөө олимп, дэлхийн мөнгөн медальт Гүржийн Варлам Липартелианиг ялснаар анх удаа дэлхийн аварга болж, БНСУ-ын шигшээ баг медалийн чансаагаар хоёрдугаарт жагсах болов.

Үндсэн цагтаа барилдааныг шийдэж чадаагүй тэд нэмэлт цагт ч хүч тэнцүү үзэлцсээр таван минут сунгасан. Эцэст нь гуулин залуу гүрж эрийг вазари үнэлгээгээр унагааж, дэлхийн шинэ аварга боллоо. Харин Варламын хувьд ДАШТ-ээс ийнхүү гурав дахь мөнгөн медалиа хүртэж, хошой хүрэлтэйгээ нийлээд таван медальтан болсон юм.

Энэ жинд хүрэл медалийн төлөө ОХУ-ын Нияз Ильясов, Египетийн Рамадан Дарвиш нар өрсөлдөв. 2009 онд ДАШТ-ээс хүрэл медальтай буцсан египет эр хос медальтан болж чадсангүй. Нэмэлт цагт иппоноор хожсон оросын залуу од 2020 оны олимпод гол найдвар нь болох шинжтэй.

Хоёр дахь хүрлийн төлөө Монголын тамирчин Л.Отгонбаатар, өнгөрсөн жилийн дэлхийн аварга, Японы Аарон Волфтой тунасан. 90 кг-аас анх удаа жин өгсөж, японы аваргатай учраа таарсан манай бөх тосгуулж хавираад япон аваргыг цэвэр ялав. Уг жинд япон бөх шагналын тавцанд гараагүй нь тус тэмцээний хувьд анхных нь болж байна.

Л.Отгонбаатарын хувьд 25 нас, 248 хоногтойдоо дэлхийн медальтан болж, энэ үзүүлэлтээр монгол жүдочдоос долдугаарт жагсаж байна.

Шигшээ

Чой Гү Хам (БНСУ) vs Варлам Липартелиани (Гүрж)

Хүрэл медалийн барилдаан

Нияз Ильясов (ОХУ) vs Рамадан Дарвиш (Египет)

Л.Отгонбаатар (Монгол) vs Аарон Волф (Япон)

Хагас шигшээ

Л.Отгонбаатар (Монгол) vs  Варлам Липартелиани (Гүрж)

Нияз Ильясов (ОХУ) vs Чой Гү Хам (БНСУ)

Үр дүн:

1. Чой Гү Хам (БНСУ)

2. Варлам Липартелиани (Гүрж)

3. Нияз Ильясов (ОХУ)

3. Л.Отгонбаатар (Монгол)

5. Рамадан Дарвиш (Египет)

5. Аарон Волф (Япон)

7. Хорше Фонсека (Португал)

7. Майкл Коррел (Нидерланд)