Үндэсний бөх: Намрын нээлтийн барилдаанд улсын цолтой 25 бөх барилдана

8719

Монгол түмний үзэх дуртай үндэсний бөхийн холбооны асуудлаар бөхчүүд хоёр хуваагдаж, удтал маргаантай байсны эцэст намрын нээлтийн барилдааны тов гарлаа. Хуучин холбооны халааг авсан бөхийн холбооныхон Намрын нээлтийн барилдааныг зохион байгуулахаар шийдвэрлэв. Гэхдээ бөхийн өргөөг цагдаагийн хамгаалалтад авч, түгжээтэй байгаа тул уг барилдааныг “Алдар” спорт хорооны шинэ зааланд зохион байгуулахаар боллоо.

Өнөөдөр 14:00 цагаас эхлэх уг барилдаанд улсын алдар цолтой 25 бөх зодоглохоор бүртгүүлжээ. Тодруулбал, улсын арслан П.Бүрэнтөгс, Э.Оюунболд, Ц.Содномдорж болон улсын харцага Г.Алтангэрэл, Б.Бат-Өлзий, Х.Гантулга, М.Бадарч нарын бөхчүүд цахимаар бүртгүүлсэн юм.

Цахимаар бүртгүүлсэн бөхчүүдийн нэрсийг харахыг хүсвэл энд дарна уу.

Намрын нээлтийн барилдааны тасалбар 10.000 төгрөг байх гэнэ.

Хамгийн сүүлд бөхийн өргөөнд Ардчилсан намын 28 жилийн ойн барилдаан өнгөрсөн дөрөвдүгээр сарын 7-нд зохион байгуулсан. Уг барилдаанд арслан П.Бүрэнтөгс түрүүлж, аварга Ч.Санжаадамба үзүүрлэн,  улсын заан Н.Жаргалбаяр, аймгийн арслан Б.Даваа-Очир нар их шөвгийн дөрөвт үлдсэн билээ.