Будапешт 2018: Т.Түвшинтулга хүрэл медалийн эзэн боллоо

932

Өчигдөр чөлөөт бөхийн эрэгтэй 61, 74, 86, 125 кг жингийн медалийн барилдаан өндөрлөв. Эрэгтэйчүүдийн 61 кг-д Т.Түвшинтулга дагах барилдаанд Энэтхэгийн бөх Сонба Гонганег 7:0-ээр илүүрхээд хүрлийн төлөөх барилдаанд Гүржийн Бека Ломтазег 6:3-аар ялснаар дэлхийн дэвжээнээс медаль хүртлээ. Булган аймгийн Тэшиг сумын хүчтэн, “Аваргууд академи”-ийн бөх Т.Түвшинтулга бөхийн төрлүүдийн ДАШТ-ээс манай улсын 58 дахь медаль, 31 дэх хүрлийг авчирлаа.

Т.Түвшинтулга

ЭРЭГТЭЙ 61 КГ

  • АЛТ: Йовлис Родригес (Куба) 6:5 Гаджимурад Рашидов (ОХУ)
  • ХҮРЭЛ: Т.Түвшинтулга (Монгол) 6:3 Бека Ломтазе (Гүрж)
  • ХҮРЭЛ: Жосеф Даниел Колон (АНУ) 13:2 Мохаммадбагер Яхкеши (Иран)

Дэлхийн хошой хүрэл медальт, Кубын Йовлис Бонне Родригес 35 насандаа (ирэх сард 36 хүрнэ!) Будапештийн дэвжээнээс алтан медаль хүртлээ. Пан Америкийн наадмын аварга, тивийнхээ хошой алтан медальт куба эр анх 2014 онд дэлхийгээс хүрэл, өнгөрсөн жил тэр амжилтаа давтсан бол энэ удаад ОХУ-ын Гаджимурад Рашидовыг ялснаар аваргын бүс, алтан медалийг хүртлээ. Г.Рашидов ийнхүү хоёр жил дараалан мөнгөн медаль зүүв. Тэрбээр өнгөрсөн жил “Парис 2017”-д Азербайжаны Хажи Алиевт ялагдаж, мөнгөн медаль зүүсэн билээ. Монголын Т.Түвшинтулга, АНУ-ын Жосеф Даниел Колон нар дэлхийн дэвжээнээс анхны медалиа хүртлээ.


ЭРЭГТЭЙ 74 КГ

Заурбек Сидаков дэлхийн шилдгүүдийг ялсаар өөрөө оройд нь гарав
  • АЛТ: Заурбек Сидаков (ОХУ) 2:2 Автандил Кенчазе (Гүрж)
  • ХҮРЭЛ: Бекзод Абдурахмонов (Узбекистан) 3:2 Сонер Демирташ (Турк)
  • ХҮРЭЛ: Жордан Барроус (АНУ) 4:4 Фрэнк Чэмизо (Итали)

Эрэгтэйчүүдийн 74 кг-д ОХУ-ын Заурбек Сидаковыг зогсоох хүн байсангүй. Аваргын төлөө барилдах хүртлээ АНУ-ын босоо аварга Жордан Барроус, Италийн Фрэнк Чэмизо нарыг ялсан тэрбээр аваргын төлөө Гүржийн А.Кенчазег ялснаар 22 насандаа дэлхийн аварга боллоо. Энэ жинд хүрэл медалийн төлөө АНУ-ын Жордан Барроус, Италийн Фрэнк Чэмизо нар учраа таарсан нь олны анхаарлыг татаж байв. Тэдний барилдаан ч 4:4-өөр дуусч, Лондоны олимпийн аварга Ж.Барроус ДАШТ-ээс зургаа дахь (4 алт+2 хүрэл) медалиа хүртлээ. Риогийн олимпийн хүрэлтэй, дэлхийн хошой аварга Ф.Чэмизо ирэх жилийг хүлээхээс өөр аргагүйд хүрэв.


ЭРЭГТЭЙ 86 КГ

  • АЛТ: Дэвид Моррис Тэйлор III (АНУ) 12:2 Фати Эрдин (Турк)
  • ХҮРЭЛ: Хассан Язданичарати (Иран) 11:5 Даурен Куруглиев (ОХУ)
  • ХҮРЭЛ: Таймураз Фриев Наскидаева (Испани) 7:2 Во Нук Ким (БНСУ)

Оюутны АШТ-д дөрвөн жил дараалан түрүүлсэн, нутагтаа ялагдаж үзээгүй Дэвид Моррис Тэйлор III-т дэлхийн дэвжээ хэтэрхий амархан мэт байлаа. Иран, Куба, ОХУ гээд бөхийн орны хүчтэнгүүдийг дараалан ялсаар аваргын төлөө гарч ирсэн америк эр Туркийн Фати Эрдинийг оноогоор цэвэр ялж, алтан медаль хүртлээ.

Олимпийн аварга Хассан Яздани эхний тойрогт энэ тэмцээнд түрүүлэх хувьтай америк залууд ялагдсан ч дагах тойрогт Беларусь, Кубын бөхийг 10:0-ээр ялж, хүрлийн төлөө ОХУ-ын Даурен Куруглиевийг ялснаар ДАШТ-ээс алт, мөнгө, хүрэлтэй боллоо.


ЭРЭГТЭЙ 125 КГ

  • АЛТ: Гена Петриашвили (Гүрж) 6:0 Жи Вей Дөн (БНХАУ)
  • ХҮРЭЛ: Парвиз Хадибасман (Иран) 11:2 Анзор Хизриев
  • ХҮРЭЛ: Ничолас Эдвард Гвиаздовски (АНУ) 7:2 Сумит (Энэтхэг)

Риогийн олимпийн хүрэл медальт Гүржийн Гена Петриашвили 24 насандаа ДАШТ-ий хошой алт, хос хүрэл медальтан боллоо.