UFC 230: Даниел Кормье аваргын бүсээ хамгааллаа

1163

UFC холбооны хоёр жингийн аварга Даниел Кормье өнөөдөр хүнд жингийн аваргын бүсээ хамгаалах тулааныг хийв. Түүнтэй энэ цолны төлөө Деррик Льюс хүч сорьсон ч хоёр үе л тэсэв. Сүүлийн гурван тулаан дараалан ялалт байгуулсан Д.Льюс замналынхаа зургаа дахь ялагдлыг амссан юм.

Харин энэ тулаанд ялалт байгуулснаар Даниел Кормье UFC-гийн түүхэнд шинэ хуудас нээлээ. Хоёр холбооны аваргын бүс эзэмшсэн хоёр дахь (эхнийх нь Конор МакГрегор) тулаанч болсон ч хоёуланд нь аваргаа хамгаалсан анхны тамирчнаар бүртгэгдсэн.

Өдгөө 39 настай Д.Кормье цагтаа чөлөөт бөхийн тамирчин байсан юм. 2007 оны ДАШТ-ээс хүрэл медаль хүртээд тэр их спортоо орхиж, холимог тулаан руу шилжсэн. UFC-д тэр гайхалтай амжилтад хүрч, одоогоор 22 ялалт байгуулж, ердөө ганцхан хожигдсон үзүүлэлттэй.

Түүний дараагийн өрсөлдөгч нь их спортдоо эргэн ирээд буй Жон Жонс байж магадгүй. UFC-гийн босс Дана Уайт Ж.Жонсыг UFC 230-д тулалдуулах хүсэлтэй байсан ч допингийн улмаас 15 сар эрхээ хасуулсан аварга асан америк эр тулаанд бэлэн бус байсан тул хойшлуулж, UFC 232-т тулалдахаар болсон билээ. Тэрбээр ирэх арванхоёрдугаар сарын 29-нд Александер Густафссоныг ялвал ирэх оны гуравдугаар сард Даниел Кормьетэй аваргын бүсийн төлөөх гурав дахь тулааныг хийж болох юм. Тэд өмнө нь хоёр удаа тулалдахад Ж.Жонс нэг ялж, нөгөө тулаан нь ялагчгүй дууссан түүхтэй.