Аваргуудын лиг: “Барселона” шөвгийн 16-д шалгарсан эхний баг боллоо

11/07/2018 Нийтлэгч: 184

Аваргуудын лигийн хэсгийн шатны дөрөв дэх тоглолтууд өнөөдөр эхэллээ. Испанийн “Барселона” клуб хамгийн түрүүнд шөвгийн 16-д шалгарах эрхээ “халаасалсан” юм. 


ХЭСЭГ А

(Испани) Атлетико 2:0 Дортмунд (Герман)

Германы клуб энэ тоглолтод ялсан бол хэсгээсээ шалгарах, цаашлаад хэсгээ тэргүүлэх боломжтой байв. Гэхдээ Испанийн “Атлетико” клуб амар бууж өгөхийг хүссэнгүй. “Реал”-ын хүүхдийн багийн бүтээгдэхүүн Сауль Ньегис 33 дахь минутад гоолын салхийг хагалсан бол 80 дахь минутад Антоун Гриззман тооны харьцааг холдуулснаар багаа ялалтад хүргэв.

(Франц) Монако 0:4 Брюгге (Бельги) 

Бельгийн даруухан баг Аваргуудын лигийн хэсгийн шатанд ялалт байгуулах гэж 13 жил хүлээжээ. Довтлох чиглэлийн хагас хамгаалагч Ханс Ванакен эхний 17 минутад эхний хоёр гоол оруулж, бразил довтлогч Уэйсли Мораэс 24 дахь минутад тооны харьцааг холдуулав. Улмаар 85 дахь минутад Рууд Вормер сүүлийн цэгийг хатгаж, Терри Анригийн шинэ ажилд үнэлгээ өгсөн юм.


ХЭСЭГ B

(Итали) Интер Милан 1:1 Барселона (Испани)

Тус хоёр багийн тоглолт эвийн гэрээгээр шийдэгдсэн тул “Барселона” хасагдах шатанд өрсөлдөх багаар хамгийн түрүүнд тодорлоо. Энэ тоглолтод аргентин довтлогч Лионель Мессиг гэмтлээсээ эргэн ирж, талбайд гарч магадгүй хэмээн цуурхал тарсан ч гарсангүй. Эхний хагас, тэр бүү хэл 80 дахь минут хүртэл гоол ороогүй ч сэлгээнээс талбайд орж ирсэн Малком 83 дахь минутад гоол оруулаад баярын нулимс унагасан ч дөрвөн минутын дараа Мауро Икарди тоог тэнцүүллээ.

(Англи) Тоттенхэм Хотспур 2:1 ПСВ Эйндховен (Нидерланд)

Эхний 61 секундэд л Швейцарьт төрсөн нидерланд довтлогч Люк де Йонг булангаас ирсэн бөмбөгийг мөргөж гоолдоод зочин баг тэргүүлж эхэлсэн ч Харри Кэйний хоёр гоолын ачаар Лондоны клуб хэсгээсээ гарах найдвараа хадгалж үлдлээ. Тэд энэ сарын 28-нд “Интер Милан”-ыг хожиж чадвал оноо тэнцэх боломжтой юм.


ХЭСЭГ С

(Итали) Наполи 1:1 ПСЖ (Франц)

Словакийн Марек Хамшик “Наполи”-гийн төлөө 512 дахь тоглолтод оролцож, тус багийн түүхэнд хамгийн олон тоглолтод оролцсон тамирчин болсон юм. Тэрбээр энэ хугацаанд 120 гоол оруулсан үзүүлэлтээр багийнхаа бүх үеийг тэргүүлдэг. Испани тоглогч Хуан Бернат эхний хагасын нэмэлт минутад гоолдсон ч “Наполи”-гийн Лоренцо Инсинье 63 дахь минутад торгуулийн цохилтоор тооны харьцааг тэнцүүлэв. Ийнхүү “С” хэсгийн хүснэгт тун сонирхолтой боллоо.

(Серб) Црвена Звезда 2:0 Ливерпуль (Англи)

Милан Павковын хоёр гоолын ачаар Сербийн “Црвена Звезда” клуб Аваргуудын лигт анхны ялалтаа байгууллаа. Ингэснээр “С” хэсгийн тэргүүлэгч баг болон хамгийн сүүлд бичигдэж буй багийн хооронд хоёр л онооны зөрүүтэй болсноор энэ хэсгийн аль ч баг хасагдаж мэдэх аюул бий болов.


ХЭСЭГ D

(Португал) Порто 4:1 Локомотив Москва (ОХУ)

“Порто”-гоос дөрвөн тоглогч гоол оруулж, “Локомотив Москва”-г ялснаар хэсгээ тэргүүлж эхэллээ. Тэд дөрвөн тоглолтоос гурван хожил, нэг тэнцээ авснаар 10 оноотой болов.

(Герман) Шальке 2:0 Галатасарай (Турк)

Германы клуб Аваргуудын лигийн хоёр дахь хожлоо авснаар найман оноотой болж, “Порто”-гийн ард бичигдэж эхэллээ. Гол өрсөлдөгчөөсөө дөрвөн оноогоор холдсон учир дараагийн хоёр тоглолтод алдаа гаргахгүй байхад л хэсгээсээ шалгарна.

Сүүлд нэмэгдсэн

П.Буяндэлгэр Азийн бөхийн холбооны нарийн бичгийн даргаар томилогдов

Азийн бөхийн нэгдсэн холбооны хурал Казахстаны Алматы хотод болж байна. Энэхүү хурлаар Монголын чөлөөт бөхийн холбооны гадаад харилцааны албаны дарга… Дэлгэрэнгүй …

Луис Суарез “Ливерпүүл”-д буцаж ирэх үү

Луис Суарез энэ зуны солилцоо наймааны цонхоор “Атлетико Мадрид”-ыг орхиж хуучин баг болох “Ливерпүүл”-дээ эргэн очих хүсэлтэй байгаа талаараа Испанийн… Дэлгэрэнгүй …

“Барселона” болон “Реал Мадрид” энэ бол дэлхийн III дайн

Хөлбөмбөгийн ертөнцийн хамгийн заналт өрсөлдөгч нарын тулаан өнөөдөр болно. Энэ бол алдарт Эл Классико, Гранд Дерби. “Барса” болон “Реал”. Уг… Дэлгэрэнгүй …

Филип Адамс: Өмнөд Каролинагийн алуурчин

Нас барсан таван хүний хоёр нь насанд хүрээгүй хүүхэд байв. Өмнөд Каролинагийн Рок Хилл бол хүн амынхаа тоогоор муждаа тавдугаарт… Дэлгэрэнгүй …

Тони Надаль Феликс Оже-Альяссимыг дасгалжуулна

Их Дуулгын 20 түрүүтэй Рафаэль Надалийн авга ах бас дасгалжуулагчаар нь ажиллаж байсан Тони Надаль Канадын залуу теннисчин Феликс Оже-Альяссимын… Дэлгэрэнгүй …