Жүдо: Балдоржийн Мөнгөнчимэг алтан медаль хүртлээ

1099

Энэ сарын 9-11-нд Узбекистаны Ташкент хотод болж буй жүдо бөхийн Гран При тэмцээний эмэгтэйчүүдийн 63 кг-д өнгөрсөн жилийн ДАШТ-ий хүрэл медальт Балдоржийн Мөнгөнчимэг түрүүллээ.

2018 онд Парисын Их Дуулгад долдугаар байр эзэлснийг эс тооцвол Б.Мөнгөнчимэг өөр тоймтой амжилт үзүүлж чадаагүй байсан юм. Харин өнөөдөр учраа таарсан ширүүн өрсөлдөгч бүрээ ялсаар эцэст нь Италийн Мариа Сентраччиог иппоноор буулган авч, IJF-ийн цуврал тэмцээнээс хоёр дахь түрүүгээ авлаа. Тэрбээр 2016 онд Улаанбаатарын Гран Прид түрүүлсэн юм.

Б.Мөнгөнчимэг Италийн М.Сентраччиотой өмнө нь таарч байгаагүй. Анх удаа учраа таарч, өрсөлдөгчөө ялав.

Б.Мөнгөнчимэгийн хоёр дахь түрүү

Үр дүн:

1.Б.Мөнгөнчимэг (Монгол)

2. Мариа Сентраччио (Итали)

3. Андреа Лески (Словак)

3. Катрин Унтервуачер (Австри)

5. Кристина Кабана Перес (Испани)

5. Дария Давыдова (ОХУ)

7. Болдын Ганхайч (Монгол)

7. Магдалена Крссакова (Австри)


Н.Дагвасүрэн IJF-ийн цувралаас 10 дахь медалиа хүртэв

Эрэгтэйчүүдийн 81 кг-д хүч сорьсон Нямсүрэнгийн Дагвасүрэн түрүүлэхэд гуравхан секунд дутлаа. Аваргын төлөө Казахстаны өсөж яваа залуу жүдоч Дидар Хамзатай учраа таарсан. Барилдаан дөнгөж эхлээд удалгүй шидогоор торгуулсан ч Н.Дагвасүрэн төдөлгүй барилдааны хэмнэлээ олж, улмаар цаг дуусахаас 1:13 минутын өмнө вазари үнэлгээ авснаар алтан медаль руу тун ойртсон. Харамсалтай нь, үндсэн цаг дуусахаас гурван секундын өмнө өрсөлдөгчдөө үнэлгээ алдсанаар тэнцэж, нэмэлт цагт шийдэгдэх болсон юм. Нэмэлт цагт хуурамч довтолгоо хийсэн тул шидогоор торгуулсан ч хоёр дахь вазаригаар авснаар Казахстаны Д.Хамза алтан медалийн эзэн боллоо.

Өнгөрсөн онд Токиогийн Их Дуулгаас хүрэл медаль хүртсэнээс хойш анхны медаль

Үр дүн:

1.Дидар Хамза (Казахстан)

2.Н.Дагвасүрэн (Монгол)

3.Алексиос Нтанацидис (Грек)

3.Владимир Золоев (Кыргыз)

5.Шамил Борчашвили (Австри)

5.Атилла Унгвари (Унгар)