Энэтхэгийн Шинэ Дели хотод болж буй эмэгтэй сонирхогчдын боскын ДАШТ-д өчигдөр нээлтээ хийсэн. Тус тэмцээний эхний өдөр 57 кг-д эх орноо төлөөлсөн Монголын боксчин Т.Болортуул өрсөлдсөн ч Нидерландын тамирчинд ялагдлаа.
Өдгөө 31 настай Т.Болортуул эмэгтэйчүүдийн боксын ДАШТ-д гурав дахь удаагаа оролцсон юм. Харамсалтай нь, 27 настай, Нидерландын “Алтан охин” хочит Жемима Бетрианд 4:1-ээр ялагдаад тэмцээнээ өндөрлөв. Түүний өрсөлдөгч кикбокс болон муай тай боксоор хичээллэдэг. Кикбоксын төрлөөр 39 тулаан хийж, 35-д нь ялсан нэгэн. Энэ онд сонирхогчдын боксын төрлөөр улсынхаа аварга болсон аж.
ЭХНИЙ ӨДРИЙН ГУРВАН ОНЦЛОХ ҮЙЛ ЯВДАЛ
- Раунд 1:
Эмэгтэйчүүдийн 51 кг-д түрүүлэх магадлалтай гэгдэж байсан хоёр шилдэг боксчин эхний өдрөө учраа таарав. Казахстаны Жайна Шекербекова Европын аварга, ОХУ-ын боксчин Светлана Солуиановатай эрт даваанд учраа таарч, казах бүсгүй медальд хүрэх найдвараа хадгалж үлдлээ.
- Раунд 2:
Эмэгтэйчүүдийн 60 кг-д Швейцарийн ахмад боксчин Сандра Бруггер Индонезийн залуу авьяастан Хусватун Хасанахыг ялж, харих болоогүй гэдгээ нотлов. Сандра зургаа дахь ДАШТ-дээ оролцож байгаа юм.
- Раунд 3:
ДАШТ-д гурван тивийн дөрвөн улс анх удаа оролцож буй. Тодруулбал, Сомали, Шотланд, Конго, Бангладешийн боксчид анх удаа хүч сорьж байгаа юм.