Жүдо: Дашдаваагийн Амартүвшингийн 17 дахь медаль

1702

Нидерландын Гааг хотод жүдо бөхийн Гран При тэмцээн эхэлсэн. Эхний өдөр манайхаас зургаан жүдоч дэвжээнд гарч, хоёр медаль хүртлээ.

Эрэгтэйчүүдийн 60 кг-д Дашдаваагийн Амартүвшин, Ганбатын Болдбаатар нар зодоглоод хоёул медалийн тавцанд гарлаа. Нэг жингийн шилдгүүд хагас шигшээд учраа таарч, Д.Амартүвшин гавьяат өрсөлдөгчөө торгуулиар ялснаар аваргын төлөө Японы Дай Аокиг ялснаар Гран При ангиллын тэмцээнээс зургаа дахь алтан медалиа хүртэж, нийт 17 медальтай боллоо. Тэрбээр энэ үзүүлэлтээр хамгийн олон медаль хүртсэн жүдочдын жагсаалтад Их Британийн Наталье Поуэллийн хамт гуравдугаарт бичигдэх болсон юм. Одоо түүний урд 18 медальтай Казахстаны Галбадрахын Отгонцэцэг, 19 медаль түүсэн Германы Луис Мальцан нар бий.

Харин түүнд ялагдсан Ганбатын Болдбаатарын хувьд Лондоны олимпийн хүрэл медальт Бразилын Фелипе Китадаиг ялснаар Гран При ангиллын тэмцээнээс 14 дэх медалиа хүртэв. Энэ үзүүлэлтээр тэр олон улсад 14 дүгээрт бичигдэж байгаа ч Монголдоо гуравдугаарт орно. Түүний урд Д.Амартүвшин, М.Уранцэцэг (16) нар л байгаа юм.