Марафон: Б.Мөнхзаяа “Кобэ – 2018” тэмцээнээс мөнгөн медаль хүртэв

1029

Өчигдөр буюу энэ сарын 18-ны ням гаригт Японы Хиого мужийн Кобэ хотод болсон Олон улсын марафоны эмэгтэйчүүдийн ангилалд Монголын гүйгч Баярцогтын Мөнхзаяа дэд байранд оржээ. 

2011 оноос хойш жил бүр зохион байгуулагдсан тус тэмцээнд энэ жил 15,397 эрэгтэй, 4998 эмэгтэй тамирчин гараанаас гарсан юм. Эмэгтэйчүүдийн ангилалд Кенийн гүйгч Сусан Жеротич хоёр цаг 31 минут 38 секундээр барианд орж, түрүүлээд зогсохгүй хувийн дээд амжилтаа шинэчилсэн аж. Харин манай тамирчин Б.Мөнхзаяа хоёр цаг 31 минут 48 секундээр мөнгөн медаль, Беларусийн гүйгч Нина Савина хоёр цаг 33 минут 36 секундээр барианд орж, хүрэл медаль хүртжээ.

Эмэгтэйчүүдийн ангилалд түрүүлсэн Кенийн Сусан Жеротич

Манай тамирчин Б.Мөнхзаяагийн хувьд энэ оны дөрөвдүгээр сард БНСУ-ын Сөүл хотод болсон марафоны уралдаанд хувийн дээд амжилтаа хоёр цаг 31 минут, 12 секундээр тогтоож, тус тэмцээнд 10 дугаар байр эзэлсэн удаатай. Түүнчлэн энэ онд Индонезийн Жакарта хотод болсон Азийн наадмаар долдугаар байр эзэлсэн юм. Б.Мөнхзаяа өнгөрсөн оны гурвадугаар сард Тайваньд болсон Олон улсын марафон тэмцээнд түрүүлж байсан юм. Энэ тэмцээнд түрүүлсэн Монголын анхны, Азийн хоёр дахь эмэгтэй гүйгч болж байв.

Б.Мөнхзаяа энэ жил 25 настай

Зэвсэгт хүчний 327 дугаар анги, “Алдар” спорт хорооны тамирчин ОУХМ Б.Мөнхзаяа нөхөр нь болох дасгалжуулагч Б.Доржпаламын удирдлага дор бэлтгэлээ хийдэг аж.

Японы нэр хүндтэй “Кобэ” марафоны хувьд 1909 онд анх Кобэ хотод марафоны тэмцээн зохиогдож байсантай холбогдуулан 2011 оноос хойш жил бүр зохион байгуулах болсон юм. Энэ жилийн тэмцээнийг “Талархал болон Нөхөрсөг” уриан дор зохион байгуулжээ.