Шинэ дели 2018: Эмэгтэй боксын ДАШТ өндөрлөлөө

1224

Энэтхэгийн Шинэ Дели хотод эмэгтэй боксын X дахь удаагийн ДАШТ 10 хоногийн турш үргэлжлээд өнөөдөр хөшгөө хаалаа. 267 тулааны эцэст 10 шинэ аварга төрж, 21 орны боксчид медалийн тавцанд гарсан юм.

БНХАУ-ын боксчид дөрвөн алт, Тайвань хос түрүү, Энэтхэг, Хойд Солонгос, Герман, Ирланд улсын боксчид эх орондоо алтан медаль авчирлаа. Манай улсаас 54 кг-д хүч сорьсон Мягмардуламын Нандинцэцэг хүрэл медалийн эзэн болсноор эмэгтэй боксын түүхэнд шинэ хуудас нээсэн юм.

Манай боксчингийн медалиа авч буй бичлэг

Дэлхийн аваргууд:

  • 48 кг: Мэри Ком (Энэтхэг)
  • 51 кг: Чой Ми Пан (Хойд Солонгос)
  • 54 кг: Юү Тин Лү (Тайвань)
  • 57 кг: Орнелла Ванер (Герман)
  • 60 кг: Келье Харрингтон (Ирланд)
  • 64 кг: Дан До Ү (БНХАУ)
  • 69 кг: Ньен Чин Чен (Тайвань)
  • 75 кг: Чи Ан Ли (БНХАУ)
  • 81 кг: Ли На Ван (БНХАУ)
  • +81 кг: Шиа Ли Ян (БНХАУ)
Мэри Комын зургаа дахь алт

Энэтхэгийн эмэгтэй боксын домог Мэри Ком зургаа дахь алтан медалиа хүртэж, ДАШТ-ээс хамгийн олон алт зүүсэн эмэгтэй боксчин боллоо. 2001 оноос хойш өдгөөг хүртэл тулалдаж буй М.Ком энэ хугацаанд зургаан алт, нэг хүрэл медаль хүртсэн. Ийнхүү эмэгтэй боксчдоос Ирландын Кэйти Тэйлорыг ардаа орхисон энэтхэг бүсгүй Кубын домогт боксчин, олимпийн гурав, дэлхийн зургаан удаагийн аварга Феликс Савоны амжилттай зэрэгцлээ.

Түүнчлэн БНХАУ-ын Шиа Ли Ян сүүлийн гурван дэлхийн аваргад дараалан түрүүлэв. Тэрбээр энэ удаагийн ДАШТ-ий шигшээд Туркийн Сеннүр Демирийг ялснаар алтан медалийн болзол хангасан юм.

Харин 57 кг-д Германы Орнелла Ванер түрүүлсэн юм. Ингэснээр Герман улс түүхэндээ анх удаа эмэгтэй боксын ДАШТ-ээс алтан медаль хүртсэн билээ.

Германы анхны алт

Тус тэмцээний шилдгүүд:

Шилдэг боксчин: Мэри Ком (Энэтхэг)

Шилдэг баг: БНХАУ

Шилдэг дасгалжуулагч: Лиам Болгер (Германы шигшээ багийн ахлах дасгалжуулагч)